Дорнод аймгийн харъяат З.Сэлэнгэ нь Л.М-ийн нөхөр Ц.Ц-той эр эмийн харьцаа тогтоосны улмаас Л.М-тай маргалдан утас руу нь мессеж бичин өсөрхөж, өс хонзонгийн сэдэлтээр 2016 оны 09 сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р баг .... тоотод оршин суух 7 настай Ц.Т биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж алахыг насанд хүрээгүй П.Барсболдод захиалж 200 000 төгрөгөөр хөнөөлгөсөн хэрэг гарч байсан талаар бид мэдээлж байсан. Хэргийг энэ сарын 22-ны өдөр шүүхээс шийдвэрлэсэн бөгөөд З.Сэлэнгэд 23 жил, П.Барсболдод  15 жилийн ял оноосон байна.  

Гэмт хэрэгтнүүд болох П.Барсболд, З.Сэлэнгэ нар хэн бэ?

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1998 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 18 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, өвөө, эмээ, эгчийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн .....  тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй. Ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 сарын 21-ний өдрийн 7 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, бие эрүүл, Пүрэвийн Барсболд. П.Барсболд нь сэтгэцийн хувьд эрүүл. Өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгох чадвартай. Хэрэг хариуцах чадвартай. Тэрбээр эгчийнхээ захиалгаар энэ хэргийг үйлдсэн бөгөөд 200 000 төгрөг авахаар тохирсон.

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1992 оны 9 сарын 14-ний өдөр төрсөн, 24 настай эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, ам бүл 8, эцэг, эх, эгч, дүү, охины хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн .... тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, Зоригийн Сэлэнгэ. Тэрбээр талийгаач хүүгийн аав Ц.Ц-ээс жирэмсэн болж, зулбасан. Улмаар талийгаачийн ээж рүү элдэв мессеж илгээн дарамталж,  дүү болох П.Барсболдод нэг бол iphone4 авахуул эсвэл 200 000 төгрөг ав хэмээн захиалга өгч  Ц.Т-г гэртээ байхад нь хөнөөлгөсөн.  З.Сэлэнгэ нь сэтгэцийн хувьд эрүүл, өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгох чадвартай. Хэрэг хариуцах чадвартай байна

Хэрэг гардаг өдөр юу болов?

Хэрэг гарсан өдөр юу болсон талаар алуурчин П.Барсболд шүүх хуралдаанд ”Өмнө нь мөрдөн байцаалтад өгсөн миний мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Уучлалт гуйж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэж мэдүүлжээ.  

П.Барсболд мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “2016 оны 9 сарын 04-ний өдөр гэртээ байхад Сэлэнгээ эгч “Цэдэвээгийн хүүхдийг алаад өгөөч” гэж надаас гуйсан. Би амыг нь дагуулаад “тэгье” гэж хэлсэн. Яг ална гэж бодоогүй. Сэлэнгээ эгч Цэдэвээтэй уулздаг байсан. Түүнээс жирэмсэн болоод байхад нь “эхнэр нь хоолонд нь хор хийж өгсөн” гэж Сэлэнгээ эгчээс сонссон. Тэр үед Сэлэнгээ эгчийн хүүхэд нь зулбасан. Тэгээд адилхан түүний хүүхдийг нь хорлох гээд намайг гуйсан. 2016 оны 9 сарын 04-ний өдөр Сэлэнгээ эгч намайг гуйсан. Тэгээд “маргааш орой гэртээ байхад нь 2-лаа ороод алья” гэж ярилцсан.

2016 оны 9 сарын 06-ны өдөр 12 цаг өнгөрч байхад босоод 15 цагийн орчим Сэлэнгээ эгчтэй Бунхан руу шивээсний машин авахаар гэрээс гарсан. Цэнхэрийн хороололд төв замаар зүүн тийш явсан. Замаараа Цэдэвээгийн хашааны урдуур гарахад хашаан дотор нь эхнэрийнх нь цагаан приус-20 маркийн машин байсан ба хоёулаа станцын урд талын дулааны трубаны урд замын хажууд зогсож байтал хажуугаар Цэдэвээгийн эхнэр цагаан машинтайгаа гарч явсан. Тэр үед Сэлэнгээ эгч надад “тэднийд хүн байна уу, үзээд ир” гэж хэлсэн. Хоёулаа эргэж алхаад Сэлэнгээ эгч гудамжны зүүн үзүүрт үлдээд би ганцаараа Цэдэвээгийн хашааны хаалгыг гаднаас нь онгойлгож ороод байшингийн хаалгыг цохиход хүн гарч ирээгүй, эргээд явах гэж байтал жоохон хүүхэд “хэн бэ” гээд хаалга онгойлгоход Цэдэвээгийн Т  гэдэг хүү байсан. Тэрнээс “том хүн байна уу” гэхэд “байхгүй” гэсэн. Би эргэж хашааны хаалгаар гарч зүүн тийш явж Сэлэнгээ эгч дээр очоод “хүүхэд нь ганцаараа байна” гэж хэлэхэд “одоо боломж гарсан” гэхээр нь буцаж Цэдэвээгийн гэрлүү очиж орсон. Т  ганцаараа байсан. Т-тай гал тогооны өрөөнд сууж байхад надад гар утсан дээрх зургаа үзүүлээд юм яриад сууж байсан...” гээд хүүг хэрхэн тарчлаан хороосон талаараа нэг бүрчлэн ярьсан байдаг.

 

Хэргийн оролцогчид шүүх танхимд юу өгүүлэв?

Хүүг хөнөөх захиалга өгсөн З.Сэлэнгэ шүүх хуралд ингэж мэдүүлэв: Барсболдын хувьд өмнө нь гэмт хэрэг үйлдэж байсан хүн. Мөрдөн байцаагч нар байцаалт авахдаа намайг болон Барсболдын толгойг цохиж, тулгаж асуудаг байсан. 2 цаг гаран хана налуулж, хүйтэн сандал дээр суулгаж миний эрүүл мэндэд халдсан. Мөнхзаяагийн нөхөр болох Цэдэвдорж анх миний араас их гүйдэг байсан. Анх надад Цэдэвдорж хэлэхдээ “эхнэрээсээ салсан, эхнэр маань Цэнгэл даргын нөхөртэй явалддаг, ээж нь миний мууг үзэж, дүү нь гэр орноос хулгай хийдэг” гэж ярьдаг байсан. Тэгээд бид дотно харилцаатай болж би жирэмсэн болсон. Тэгээд би жирэмсэн болсон талаараа эхнэрт нь хэлэхэд М намайг удаа дараа дарамталж зовоосон. Би хүүхдээ 12 долоо хоногоос дээш тээсэн учир үр хөндүүлж болохгүй байсан. М-ийн хувьд сэтгэцийн асуудалтай. Үүнийг хажуу айлынх нь хүмүүс гэрчилнэ. Надаас 20 насаар эгч байж элдэв бусын үгээр буюу маш бүдүүлгээр, байж боломгүй үгээр доромжилж мессеж бичдэг. 2016 оны 9 сарын 06-ны өглөө би гэрээсээ шивээсний машинаа авах гээд гэр лүүгээ явж байхад араас Барсболд гүйж ирсэн. Тэр үед М-г хажуугаар явсныг би хараагүй. Би гэрийнх нь гадуур явахад машин нь гэрийнх нь гадаа байж байсан. Тэр үед Барсболд надтай явж байгаад нэг удаа салсан. Мөрдөн байцаагч нар надаас тулгаж асуусан асуултуудыг би ойлгохгүй байсан. Эрүүгийн төлөөлөгч нар үүрээр манайд орж ирэхдээ намайг залилж авч явсан. Тэгээд 2016 оны 9 сарын 09-ний өдөр намайг хорьсон. Маргааш нь тогтоол танилцуулсан. Тэгэхэд л би юу болоод байгааг мэдсэн. Би Барсболдыг өөрийнхөө талаар худлаа мэдүүлээд байна гэж бодож байна. Тулган шаардалтаар энэ хэргийг хүлээлгэсэн. М  гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг, сэтгэл санааны тогтворгүй байдлаас шалтгаалж ийм байдал гаргасан гэж дүгнэж байна. Манай дүү насанд хүрээгүй хүүхэд, ийм хэрэг үйлдээгүй гэж дүгнэж байна. Би өөрөө 5 настай охинтой. Тийм болохоор надад тулгаад байгаа энэ хэргийг үйлдээгүй. Би ямар ч хэрэг үйлдээгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3, 91.2.4, 91.2.11, 91.2.15, мөн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.3-д зааснаар зүйлчлэн ирүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.” Гэж мэдүүлжээ.

Гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж байсан талийгаач хүүгийн аав Ц.Ц мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...З.Сэлэнгэтэй 2015 оны хавар 3 сарын орчим анх танилцсан. ...Ер нь дотно эр эмийн харилцаатай байсан. Намайг Сэлэнгэтэй харилцаатай болохыг эхнэр мэддэг. Гэр бүлийн хэрүүл маргаан гардаг байсан. Сэлэнгээ манай эхнэр рүү байнга мессеж бичдэг байсан юм билээ. ...Одоогоос сарын өмнө байх эхнэр “Сэлэнгээ хүүхдэд чинь заналхийлээд мессеж бичээд байна. Хүүхдийн чинь толгойг залгих юм биш биз дээ” гэж хэлэхэд “хүүхэд ямар буруутай юм бэ яавал гэж” хэлээд хайхраагүй өнгөрсөн. ...Надтай дотно харилцаатай байхдаа 2015 оны намар Сэлэнгээ жирэмсэн болоод би авахуулах гэж мөнгө өгөөд хот руу явуулахад авахуулаагүй. ...Дараа нь Солонгоотой уулзаад хүүхдээ яасан бэ гэхэд Сэлэнгээ эм уугаад зулбуулаад өөрөө хөдөө аваачаад оршуулж ирээд хүүхдийнхээ хариуг авна гэж ярьж байсан. ... Тэр намайг гэр бүлтэйг мэдэж байгаа мөртлөө “надтай сууна, танд хүү гаргаж өгнө” гэж ярьдаг байсан. Би түүнд ... “чамтай сууна гэж юу байхав дээ ” гэж хэлдэг байсан. ...Намайг гэр бүлээсээ салахгүй болохоор хүүхдийг маань хороож, хүүхэдгүй болвол эхнэрээсээ сална гэж бодож хүүг маань хорлосон гэж бодож байна” гэж мэдүүлжээ.

Талийгаач хүүгийн ээж, хохирогч Л.М “... Сэлэнгэ нь манай нөхөр Цэдэвдоржтой явалдаад жил гаран болж байгаа юм. Энэ хугацаанд элдвээр мессеж бичиж, “намайг зайл, хоёулаа нүүр тулна” гэх мэтээр доромжилж, “нүдгүй, шүдгүй эмгэн минь, үр хүүхэддээ гай боловоо, сайн санаж хэлж байна” гэх зэргээр янз бүрээр мессеж бичдэг, тэр болгоныг би тэвчээд өнгөрдөг байсан” гэжээ. Үүний нотолгоо нь хавтаст хэрэгт авагдсан байдаг.  Тодруулбал, Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд З.Сэлэнгэ нь удаа дараа  талийгаач хүүгийн ээжийг  дарамталдаг байсан нь тогтоогдсон бөгөөд  9958.... гэсэн мобикомын дугаарт  “...8979... дугаараас 2016 оны 7 сарын 04-ны өдрийн 21.10 цагт “Нүд бас шүдгүй, эмгэн болохоор санаа чинь явчихаж даанч буруу өтөлж үр хүүхэддээ гай боловоо” гэж,  -2016 оны 02 сарын 29-ний өдрийн 9994..... дугаараас ...09.44 цагт “Тэгээд одоо төрөх хүүхдэд минь гай хийвэл өөрөө зовлонгоо амсана шүү гэж хэлье” гэх зэргээр сүрдүүлдэг байжээ.

Шүүх энэ хэргийг хэрхэн шийдвэрлэв?

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүгч Ү.Одгэрэл, Д.Цэдэнпэлжээ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар З.Сэлэнгэ, П.Барсболд нарыг гэм буруутай гэж үзсэн. Тодруулбал,

Шүүгдэгч Ламтан овогт Зоригийн Сэлэнгийг хүнийг өс хонзонгоор, захиалгаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж алсан, насанд хүрээгүй хүнийг онц хүнд гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан, шүүгдэгч Бэсүд овогт Пүрэвийн Барсболдыг хүнийг захиалгаар, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж санаатай алсан, бусдын эд хөрөнгийг агуулах саванд нэвтэрч хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар ялтан З.Сэлэнгэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3, 91.2.4, 91.2.15-д зааснаар оногдуулсан 20 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.3-д зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялаас заримыг буюу 3 жилийн хорих ялыг нэмж, нийт 23 жилийн хорих ялаар, ялтан П.Барсболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.4, 91.2.15-д зааснаар оногдуулсан 14 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас заримыг буюу 1 жилийн хорих ялыг нэмж, нийт 15 жилийн хорих ялаар биечлэн эдлүүлэхээр тус тус тогтоосугай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар ялтан З.Сэлэнгэд оногдуулсан 23 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид, ялтан П.Барсболдод оногдуулсан 15 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй гэж шүүх шийдвэрлэсэн юм.

Ял авсан этгээдүүдийн хувьд давж заалдахаар төлөвлөөд байгаа юм. Давж заалдах шатны шүүх хэргийг хэрхэн шийдвэрлэх талаар бид эргэж мэдээлэх болно.