С.САРУУЛ

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд сар бүр олгох зорилтыг тусгасан. Уг зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын 2017 оны төсөвт 660,0 мянган хүүхдэд хүүхдийн мөнгийг бэлэн мөнгө хэлбэрээр олгохоор 161,5 тэрбум төгрөгийг тусгаад байгаа юм.

Эхний ээлжинд хүүхдийн мөнгийг амьжиргаа багатай зорилтот өрхийн 660.0 мянган хүүхдэд сар бүр 2017 оны зургадугаар сарыг дуустал олгоод байна.

Харин эдийн засгийн өсөлтийн үр дүнд 2017 оны төсвийн орлогын төлөвлөгөө давж биелэн төсвийн зорилтот үзүүлэлтүүд сайжрах төлөвтэй байгааг харгалзан Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаар Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй нийт өрхийн хүүхэд бүрт мөнгийг нь олгохоор шийдвэрлэлээ.

Yүний дагуу өнөөдрөөс /2017.07.05/ эхлэн хүүхдийн мөнгөө аваагүй байсан 400 мянга орчим хүүхдийн 2017 оны 1-7 дугаар сарын хүүхдийн мөнгийг нөхөж олгож эхэллээ. Өөрөөр хэлбэл мөнгөн тэтгэмжээ аваагүй байсан хүүхэд бүрийн 140 мянган төгрөгийг өмнө нь авч байсан арилжааны банкны дансаар нь дамжуулан шилжүүллээ. Ингэснээр бүх хүүхэд мөнгөө авах боломж бүрдлээ.

Өнгөрсөн хугацаанд шинээр төрсөн хүүхдийнхээ мөнгийг авахын тулд эцэг, эх нь өөрт ойрхон арилжааны банкинд очиж өргөдлийн маягтыг бөглөн, данс нээлгүүлж хүүхдийн мөнгөө авах боломжтой юм.

Эх сурвалж: www.polit.mn