Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч С.Оюунчимэг, З.Болдбаатар нарийн бүрэлдэхүүнтэй Нийслэлийн Прокурорын газраас Г.Шийлэгдамбад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, Г.Ганчимэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1, Э.Гантулга, О.Даваасүрэн нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр болно. Шүүх хурал 09:00 цагт эхэлнэ.

2015 оны 11-р сарын 04-ны өдрийн 22:00цагийн орчим Эрүүл мэнд, спортын яамны сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас баривчилсан билээ. Улмаар МАХН-ын генесек асан Г.Шийлэгдамбыг Эрүүгийн хуулийн 268.2 буюу бусдаас хээл хахууль авах гэсэн зүйл ангиар шалгаж прокурорт хэргийг шилжүүлсэн. " Эрүүгийн хуулийн 268.2 буюу бусдаас хээл хахууль авах гэсэн зүйл ангид “хэргийг хясан боогдуулах замаар, эсхүл давтан буюу урьд хээл хахуулийн хэрэгт шийтгүүлсэн этгээд , түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл их буюу онц их хэмжээний хээл хахууль авсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байгаа. Өөрөөр хэлбэл түүнд 5-10 жилийн хорих ял төлөвлөгдөөд байгаа бөгөөд шүүхээс гэм буруутай гэж үзвэл ял оноох юм. Харин гэм буруугүй гэж үзвэл ял шийтгэлгүй үлдэх болно.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.