Цагдаагийн Ерөнхий Газраас Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр цагдаагийн байгууллага хэрхэн ажиллаж, ямар зохицуулалт хийж, наадамчдын журам, замын хөдөлгөөний аюулгүй байдал хангах талаараа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Цагдаагийн байгууллага өнөөдрөөс эхлэн наадам дуустал өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, нийт 398 албан хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж ажээ. Байнгын ажиллагаатай гурван постыг ажиллуулна. Эдгээр хяналтын постууд нь Төв цэнгэлдэх болон Хүй долоон худагт байрлахаар болжээ.

Улсын их баяр наадмаар автомашины тусгай зөвшөөрөл “A”, “ДК”, “Ж”, “Г”, “Ү”, “Улаан-М”, “Цэнхэр-М” гэсэн долоон төрлийн зөвшөөрлүүд олгогдоно. Эдгээр зөвшөөрлийг маргаашнаас эхлэн нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Драгон”, “Мшээл”, “Оргил” төв дэх салбаруудаар худалдах аж. Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худаг дахь авто зогсоолын талбайн хэмжээгээр тээврийн хэрэгслийн зөвшөөрлүүд олгогддог. Тиймээс жолооч нар авсан зөвшөөрөл дээрх маршрутад заагдсан зураглалын дагуу хөдөлгөөнд оролцож, тээврийн хэрэгслээ зогсоолд байрлуулах ёстой гэдгийг Замын цагдаагийн албанаас анхааруулсан байна.