Залуу жүжигчин Баден Даулэтжан  2017.07.12-ны өдөр зуурдаар насан өөд боллоо. 

Баде овогтой Даулэтжан нь 1976 оны 07 сарын 13-нд айлын том хүү болон мэндэлсэн. Тэрээр 2002 онд КУДС-ийг жүжигчиний мэргэжлээр төгсөн хошин урлагын "Захиалгат инээд" хамтлагыг үүсгэн байгуулцаж тайз дэлгэцийн 40 гаруй уран бүтээлд өөрийн өнгө төрхөөр ард түмний нэгэн хайртай хүү болон өнөөг хүртэл амьдарч байлаа.

Түүний өөрийн гэсэн өвөрмөц тоглолт хошин мэдрэмж нь түүнийг Даулет гэх нэрийг тодорхойлж байв. Эх дэлхийн хөрсөндөө амгалан нойрсож доомборын аялгуун өнө мөнхөд сэтгэлээ баясгаж, инээмсэглэх төрх чинь Монголын ард түмэн, гэр бүл анд найз нөхөд,  Монголын хошин урлаг болон киноны уран бүтээлчдэд үүрд оршино.