"Анхандаа юу ч байсангүй. Гагцхүү шивтнэсэн, голд ормоор хүйтэн бороо, тэгээд арваннэгдүгээр сарын хуучдаархи манантай өглөө, тэр л бүдэгхэн өглөөг нэвт цуурайтах, отооны газар өөд айсуй нохдын дуу л сонстоно".

 

Магадгүй сонгодог зохиолын буурьтай, сайн уншигчид энэ эхлэлийг андахгүй мэднэ. Америкийн утга зохиолд Хэрман Мэлвилл, Эдгар Потой зэрэгцэхүйц шинэ гарц нээж, алдар нэрийн оргилд хүрсэн хүмүүсийн нэг бол чухам Виллиам Фолкнер байлаа. Харин дээрх эшлэл бол түүний алдарт “Баавгай” туужийн өмнөх үйл явдлыг хадгалсан “Өвгөд” туужийн эхлэл юм.

 

“Бүдэгхэн өглөөг нэвтлэн цуурайтах нохдын дуу”. Фолкнер л ингэж борооны дараах чийг бичсэн мөрүүдээс нь үнэртэх шиг дүрслэлтэй, онгон зэрлэг байгалийн хэлийг цагаан цааснаа буулгасан юм. Гэвч түүнийг амьд ахуйд нь эс хүлээн зөвшөөрч уран бүтээлийг нь гадуурхан, үл тоож байсан билээ. Харин Фолкнер “Би өөрийн буй болгосон ертөнцөө эргэцүүлж бодох дуртай, энэ ертөнц бол огторгуйн тулгуур чулуу, хэдий жижигхэн ч ганц чулуу сугалаад авчих юм бол огторгуй тэр читгээ сүйрэх болно” гэсэн байдаг. Тиймдээ ч түүний төсөөллийн асар баялаг ертөнцөд ганц ч чулуу сугалахгүйгээр аялах хэрэгтэй. Энэ эрхийг уншигчиддаа тэр өөрөө олгосон.

 

Хөгшин Бен бол маш хашир, тийм амархан анч ноход хийгээд хүмүүсийн хоол болчихоор баавгай биш. Гэхдээ Мэлвиллийн Моби Дик хэмээх аварга том цагаан халимнаас ялгаатай нь тэр баавгай үхэшгүй мөнхийн бэлгэдэл бус бөгөөд ойн догшин сахиус, уул хангайн эзэн байлаа ч гэсэн бүхий л юмс хэзээ нэгэн цагт өөрсдийн оршихуйн үндсийг сольж, байр сууриа сэлгэдэг гэдгийг Фолкнер хөгшин Бен нэрт баавгайн дүрээр үзүүлсэн юм.

 

“Одоо бол мөнөөх баавгайг дөнгөчих нохой ч байна, хүн ч байна” гэсэн өгүүлбэр чухамдаа хүн байгалийн уялдаа холбоо, сэтгэлзүйн асар их зөрчилдөөнт талбар луу чимээгүйхэн хөтлөх “Баавгай” туужийн эхлэл. Энд бүх зүйл ном журмын дагуу өрнөх ч тэнд тодорхой заасан дүрэм гэж байхгүй бөгөөд журмыг зөрчсөн нэгэн хатуу шийтгэл хүлээдэггүй нь энэ ойн мод бүхэнд шургасан боргоцой шиг эрх чөлөөт байдлыг олгоно.

 

Мэдээж баавгай үхэж, жаалхүү Айкыг өсөж өндийлгөсөн их ойн гүнд туршлагатай анчин Сэм Фазерс, Арслан нэрт аварга нохойн цогцос үүрд мөнхийн хөдөлгөөнд оршин буй. “...Тэгээд ч энэ оршуулгын газар биш. Сэм ч, Арслан ч тэр үхээгүй, ердөө л газрын хэвлийд нойрсож байгаа бөгөөд тэндээ тэд амьд хэвээрээ, чөлөөтэй хөдөлж, навч хийгээд мөчир, нар хийгээд агаар, бороо хийгээд шүүдэр, боргоцой хийгээд царсанд, мөн эргээд боргоцойнд, нар мандах хийгээд шингэхэд, мөн эргээд мандахад, бутархай хэрнээ бүтнээрээ эд эс нь болон шингэсэн байгаа”.

 

 

Үдшийн нарны дууч, өвгөн Фолкнер л ингэж бичиж чадна. Түүний сэтгэлд мөнх ногоон мододтой сүрлэг их ой сарны гэрэлд харлан үзэгддэг болов уу хэмээн бодно. Хөгшин Бен, Сэм Фазерс, Тенний Жим, Макасслин, хошууч де Спейн, генерал Компсон, ууртай хөгшин Бун, өрөөсөн нүдгүй илжиг, Арслан хийгээд анч ноход, жижиг хав, манан цуулсан арван хоёр салаа эвэрт буга, эцэст нь манай баатар ирээдүйн хамгийн гарамгай анчин, соёлт хүн төрөлхтний ойг хэмлэх хүслийн төлөө санаа алдан, өндөр өвст жимээр ганцаар алхагч Айк хүүгийн түүх байгаагүйсэн бол XX дугаар зууны хүүрнэл зохиолын нэгэн гайхамшиг бий болохгүй байлаа.

 

“...эгээ л зун, намар, цас, шавар шавхай болсон хавар, өнө мөнхийн амьд улирлууд, түүнийг хүн болгосон гэж бараг л болохоор энэ ахуй шиг өөрчлөгдөж хувиршгүй. Хар арьст боолууд хийгээд индиан удирдагчдын удам буюу жаалхүүгийн оюун санааны эцэг, ямагт хүндэтгэж, үгийг нь сонсож, хайрлаж явсан, үгүй болохоор нь асар их гашуудсан Сэм өвгөнийг хооллож ундалж байсан энэ их ой. Нэгэн цагт жаалхүү гэрлэх насанд хүрэхдээ эхнэрийнхээ дэргэд богинохон, тунгалаг аз жаргалыг таньж амсах үед л, магадгүй, түр зуур мартагдаж мэдэх юм. Гэлээ ч бие махбодын цэнгэлээс ой ухааных хавьгүй амьд юм болохоор энэ их ой түүний хувьд насан туршийнх нь цорын ганц эхнэр, янаг амраг нь байх болно”.

 

Энэхүү хүний бодол санаанд нэвтрэх арга барил нь дахин хөндөгдөшгүй уран зохиолын ертөнцийн гантиг хөшөө болон үлдсэн юм. “...бие махбодын цэнгэлээс ой ухааных хавьгүй амьд юм болохоор энэ их ой түүний хувьд насан туршийнх нь цорын ганц эхнэр, янаг амраг нь байх болно”. Энэ өгүүлбэр өөртөө ямар их эмзэглэл, хагацал хийгээд мартагдашгүй дурсамжийг авч үлдсэн, агуулсан гэдгийг сайтар ойлголгүйгээр өөрийгөө Фолкнерийн уншигч гэвэл жинхэнэ шившигт үйл хэрэг болно.

 

Нью-Йоркийн их сургуулийн доктор С.Бөрт “Өөр ямар ч зохиолч баатарлаг ба домгийн хоёр төрлийг хослуулсан түүний бүтээлийг давж чадаагүй юм. Фолкнерийн суут чанар нь зохиолын хамрах цар хүрээ, цаг хугацааг эрхэндээ оруулах авьяас чадвартаа шингэсэн юм” хэмээсэн нь бий.

 

Үнэхээр л “Баавгай” туужийн гол баатар Айктай цуг манан татсан, бороо шивэрсэн өтгөн ойг хараад сүрдэн зогсч байснаа дотоод сэтгэлдээ моддын шуугиан сонсч, төгсгөлд нь хөгшин Бун буугаа эвдэн бүгд минийх хэмээн хашгирч байхдаа энэ ойгоос дахин нэг л мод унагаж байшингийн банз хийгээд үзээрэй хэмээн анхааруулж байх шиг санагдана. Гэхдээ зүгээр л нэг аж төрөхүйн тухай, буга, баавгай, хэрэмний модны тухай шидэт үлгэр ч юм шиг...

 

 

“...Галт тэрэг, уурын зүтгүүр цөм хэвээрээ. Тэр ч байтугай нөгөө Бун хоёр жилийн өмнө, арван дөрвөн цагийн турш, маргааш нь Арслан нэрт нохой Хөгшин Бен нэрт маахайг хэрхэн зүйл дуусгах тухай эрүүгээ чилтэл ярьж өгсөн машинч, тийз шалгагчид нь ч солигдоогүй атал, яагаад ч юм бэ, бахь байдаг мөнөөх л цуваа маань сүхийн дуу аваагүй онгон зэрлэг ойд мөхлийг нь зөөн аваачиж буй мэт санагдана. Гэхдээ жаалхүү өөрөө мөхлийнх нь зарыг бүхий л бие хувцсандаа шингээн, ой руу ирж байх шиг хачин сэтгэгдэл төрөхөд хошууч де Спейн яагаад анд явахаа больсныг сая ойлгов”.

 

Туужийн хамгийн гол санаа нь эдгээрт өгүүлбэрт зангидагдсан байдаг. Одоо л байгаль дэлхийг ойлгож, түүнийг Айк шиг, Сэм Фазерс шиг хайрлах сэтгэл төрнө. Онгон зэрлэг байгалийг үзэх гэхдээ нэг ч гэсэн хүн түүн рүү “мөхөл” чирэн ойртож буйгаа мэдрэх агшин ямархуу байх байсан бол оо. Гайхширахаас өөр чимээ гарахгүй, намрын сүүл сарын бүүдгэр, жихүүн айхуйд ороогдчих шиг болох байсан биз.

 

Төгсгөлд нь хэлэхэд Уильям Фолкнерийн [William Faulkner] энэхүү “Баавгай” туужийг зохиолч, орчуулагч Г.Аюурзана монгол хэлнээ хөрвүүлсэн билээ. Түүний бичсэн зохиолууд хэдий сайн, муу  байлаа ч гэсэн Фолкнерийн эл гайхалтай туужийг аялгуу тансаг монгол хэлнээ буулгасных нь төлөө мэхийн ёсолж хүндэтгэх, хайрлах, өмөөрөх сэтгэл өөрийн эрхгүй төрдөг. Бид түүнд өртэй санагддаг.

 

Б.Алтанхуяг

Эх сурвалж: Монцамэ агентлаг