Ерөнхийлөгч Х.Баттулга Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны тэргүүн Х.Ганбаатар, МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нарыг өнөөдөр хүлээн авч уулзав.

Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга хувийн хэвшил, бизнесийн салбараас төрсөн, ажлын байр гаргаж, татвар төлж, хүмүүсийг цалинжуулж, энэ бүхний зовлон, бэрхшээлийг биеэрээ туулсан хүн Төрийн тэргүүн болсон давуу талыг ашиглан МҮЭ, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамтарч ажиллах хэрэгтэйг хэллээ.  

УИХ-аас хөгжлийн хөтөлбөр баталдаг ч Засгийн газар түүнийг хэрэгжүүлдэггүй. Тухайлбал, 2010 оны зургадугаар сард Шинэ бүтээн байгуулалтын дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг УИХ баталсан боловч Засгийн газар хэрэгжүүлээгүй. Иймд холбогдох Төрийн бус байгууллагуудыг үйл ажиллагаанд оруулж нэгдсэн арга хэмжээ, цуглаан зохион байгуулах, үйлдвэрлэгчид нэгдэж нийлж, хамтарч ажиллах, хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газрыг шахах ёстой. Төрийн хөгжлийн бодлогоо Монгол Улс гаргаж чадахгүй  байна. Бодлого хэрэгждэггүй учраас ажил явдаггүй сөрөг талтай. Гэрээт ажилчдаас даатгал төлдөггүй хэсэг бий. Үүнээс болж нийгмийн даатгалын сан босч ирж чаддаггүй гэдгийг Ерөнхийлөгч Х.Баттулга сануулав.

Цалингийн зээл, тэтгэврийн зээл зэрэг эрсдэлгүй зээлд сарын 2 хувь, жилийн 24 хувийн хүү ногдуулж арилжааны банкууд мөнгө хүүлж байгаа нь зохисгүй гэдгийг мөн хэлсэн юм.

Гурван талт хэлэлцээрийн хэрэгжилт тааруу, ажлын байр хадгалах, цалин хадгалах чиглэлээр хүлээсэн үүрэг хэрэгждэггүй, гэрээний үр дүнг дүгнэдэггүй зэрэг дутагдал байгааг  МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар энэ үеэр дурдаж байлаа.