Удаа дараа гэмт хэрэгт холбогдож байсан этгээд, 21 настай бүсгүйг гэртээ хорьж, хүчирхийлсэн гэх хэрэг гарчээ гэх мэдээлэл олон нийтэд хүрлээ.

Хэргийг тодруулбал, энэ сарын 10-ны өдрийн 15.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст тус дүүргийн 22-р дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кристал Таун” хотхоны байранд хүн барьцаалсан байж болзошгүй гэх дуудлага иржээ.

Дуудлагын дагуу цагдаагийн бие бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, хохирогч бүсгүйг сулласан байна. Тэгэхэд 21 настай эмэгтэй М, 43 настай, эрэгтэй О-той энэ сарын 1-ний өдөр фэйсбүүкээр танилцаж, уулзжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, тэд хамтдаа Тэрэлж рүү явсан боловч О нь 21 настай М-ыг хүчиндэж, хэвтэрт ортол нь зодсон гэв. Иргэн О нь хохирогч эмэгтэйг тус байранд хэвтэрт байлгаж, нийтдээ арав хоногийн турш хорьсон байж. Тэд фэйсбүүкээр танилцаж, өмнө нь хэд, хэдэн удаа уулзаж, хамт хонж байсан юм гэнэ. Харин сүүлдээ муудалцаж, эрэгтэй нь эмэгтэйгээ цохиж, ухаан алдуулаад хүчиндсэн, бие нь өвдөхөөр нь өөрөө эмэгтэйд дусал хийсэн, дусал хийж байхдаа ч үргэлжлүүлэн хүчиндсэн гэх мэдээлэл байна. Сэжигтэн эр О хоёр ч удаа хүчингийн хэргээр ял эдэлж байгаад өршөөлөөр суллагджээ.

Уг нь давтан хэрэгтэй тэр тусмаа хүчин хийсэн хүнийг өршөөлд хамруулах ёсгүй. Эсвэл мөнгөтэй хүнд хууль үйлчилдэггүй манай улсын тогтолцоо энэ юм болов уу.

Өмнө нь ийм төрлийн хэрэг нэг бус удаа гарч байлаа. Эмэгтэйчүүдийг фото модель, загвар өмсөгч болгоно хэмээн харилцаа тогтоож, зургийг нь авсныхаа дараа эрхшээлдээ оруулж секс сүрдүүлэг хийсэн гэх үндэслэлээр гэрэл зурагчин Ө-г цагдаагийн байгууллагад шалгаж байсан. Тухайн үед маш олон эмэгтэй хохирогч хэмээн цагдаа болон хэвлэлд хандаж байлаа.

Энэ үеэр хохирсон нэгэн эмэгтэй ярихдаа “Гоё гарсан зургаа тавиад бусдаар магтуулах сайхан. Гэвч атгаг сэтгэлээр зургийг чинь хараандаа авчихсан хүн бас байдаг юм шүү. Тийм хүмүүс яаж ийж байгаад холбоо тогтоодог. Холбоо тогтоосон л бол аргандаа оруулдаг. Ашигладаг. Арганд нь нэг л удаа орсон бол яаж ч мултарч чаддаггүй юм билээ. Тиймээс уулзаж байгаагүй, таньдаггүй хүмүүстэйгээ цахим хуудаст битгий найз болооч, найзын хүсэлт ирвэл шууд хаачихаж байгаач гэж гуймаар байна.

Бас өөрийгөө ганц бие, найз залуугүйг илчлэх мэдээлэл огт битгий оруулж байгаарай. Мөн хамтран ажиллах, элдэв бараа зарах саналыг битгий сонирхож байгаарай гэж зөвлөмөөр байна. Найз нөхдийнхөө зургийг ч цахим хуудастаа тавихдаа болгоомжтой байхгүй бол чамаар дамжуулж, найз чинь эрсдэлд ордог юм шүү” гэжээ.

Сүүлийн үед манай улсад цахим гэмт хэрэг өсч байгаа. Секс сүрдүүлэг буюу онлайн дарамтын гэмт хэргийн тогтсон хэлбэр бол фэйсбүүкээр харилцаа тогтоож, нүцгэн зургийг нь аваад түүнийг нь интернэтээр тараана гэж сүрдүүлж эрхшээлдээ оруулдаг байна. Эсвэл хүчирхийлдэг. Тиймээс охид, бүсгүйчүүд хаана ч хэзээ ч фэйсбүүкээр эрэгтэй хүнтэй танилцаж, дотно харилцаанд орохгүй байх хэрэгтэй. Компьютерийн ард ямар хүнд гэмт хэрэгтэй, хэдэн жилийн ялтан байгааг хэн ч тааж мэдэхгүй шүү дээ.

Г.Наран