Цагдаагийн байгууллага шат дараалсан арга хэмжээг хэдхэн хоног авсан болоод л таг болно. Бөгс өндийв үү, үгүй өнөөх урт гартангууд ахиад л зочилно. Энэ тоолонд нь хохирсон иргэд хэлэх үгээ барчихаад сууж байна.

Сүхбаатарын талбайгаас чанх хойшоо ердөө хоёр километр хүрэхгүй газарт хэдэн үйлчилгээний төвийн гэрэлтүүлгээс өөр сүүмийх гэрэлгүй нэгэн хотхон бий. “Бэрэн” группийн барьсан “Хангай” хотхон хэмээх гоё нэртэй эл хотхон 24 блокоос бүрддэг. Эхний ээлжийн орон сууц 2014 оны арванхоёрдугаар сард ашиглалтад орсноос хойш өдгөө  10-аад нь ашиглалтад бүрэн орж, иргэд амьдрах болсоор гурван жилийн нүүр үзжээ. Гэсэн ч энэ хугацаанд төв замтай холбосон засмал зам баригдсанаас бус автозамын гэрэлтүүлэг, гэрлэн дохио өнөөг хүртэл байхгүй. Үүний улмаас хэд хэдэн удаа зам тээврийн осол гарч, бага насны хүүхдүүд гэмтсэн. Түүнчлэн байрны дундах дөрвөн замын уулзвар хэсэгт автомашин, явган зорчигч, унадаг дугуйтай иргэдийн хөл хөдөлгөөн эмх замбараагүй сүлжилдэх нь айдас төрүүлэм. Мөн хүүхдийн тоглоомын талбай автозамын уулзвартай зэрэгцээ байрласан нь осол аваар гарах нөхцлийг нэмэгдүүлсэн гээд “Хангай” хотхоны иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөөр байна. Харанхуй дагаад эл хотхонд приус автомашины эрлэгүүд шөнө бүр зочилдог гэх. Цагдаагийн байгууллага хэдхэн хоног шат дараалсан арга хэмжээ авсан болоод л таг болно. Бөгс өндийв үү, үгүй юү өнөөх урт гартангууд ахиад л зочилно. Энэ тоолонд нь хохирсон иргэд хэлэх үгээ барчихаад сууж байна. Гэтэл “Бэрэн” группийн удирдлагууд бидэнд хамаагүй гэсэн шиг хойш гэдийх нь хэр зохистой зүйл вэ. Ямартай ч дээрх асуудлыг холбогдох албаныхан анхааралдаа авахгүй бол “Хангай” хотхоны иргэд харанхуйд амьдарсаар л байх нь ээ.    

Үндэсний шуудан сонин