Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөлийн хуралтай. Энэ хурал нэлээд халуухан болох төлөвтэй. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдод хариуцлага тооцох, Элчин сайдын суудлаас татгалзсан С.Баярын хүсэлт зэргийг хэлэлцэх, цаашлаад МАН-д дайн дэгдээгээд буй Шадар сайд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат захиалга өгч, тагнасан гэх асуудлуудыг хөндөх гэнэ. МАН-д зөрчилдөөн үүсдэг. Гэхдээ үүн шиг гишүүд нь нэгнийгээ ил цагаан мөрдөж, албан тушаалын төлөө үхэх хатан “үзэлцэж” байсан удаагүй. Тэдний зөрчил тэмцлийг иргэн Г.Доржзодовын дэлгэсэн “60 тэрбум”-ын бичлэг нэлээд хурцалсан.

 

 

Өнөөгийн нөхцөл байдлаар Засгийн газрыг огцруулах хэмжээнд тулгаж, цаашлаад МАН-ын үнэнч гишүүд гэх “хумсаа нуусан” нөхдийн гүйдэл суудлыг ил болгож байх шиг. МАН-ын дотоод "зодоон" Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд нарын хооронд өрнөж байгаа мэт харагдавч хөшигний ард фракц хоорондын цусгүй тулаан болж байгаа гэх.

 

Одоогийн байдлаар УИХ-ын 20 гаруй гишүүн Засгийн газрыг огцруулах үндэслэл дээр гарын үсгээ зуржээ. Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Б.Энх-Амгалан Л.Энхболд М.Билэгт, Ж.Энхбаяр, Н.Учрал, Ч.Хүрэлбаатар, Д.Гантулга, Д.Сумьяабазар, Х.Болорчулуун, Х.Нямбаатар, Ц.Гарамжав, Л.Элдэв-Очир, М.Оюунчимэг, Г.Занданшатар, Ц.Даваасүрэн, Я.Содбаатар, Л.Энх-Амгалан, Д.Сарангэрэл, Л.Оюун-Эрдэнэ нар Засгийн газраа огцруулахаар шийдчихээд байгаа аж.  

 

Үндсэн хуулийн 45.4-т УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Засгийн газрыг огцруулах тухай саналыг албан ёсоор тавибал УИХ хэлэлцэн шийдвэрлэнэ гэж заадаг. Үүгээр бол 19 гишүүн л Засгийн газрыг огцруулах саналыг дэмжсэн бол УИХ-аар хэлэлцэх нөхцөл бүрддэг бөгөөд гишүүдийн 51-ээс дээш хувь нь дэмжиж заалт бие даагчид болоод АН-ынхантай нийлэхэд өлхөн давчихна. Өөрөөр хэлбэл Засгийн газар огцрох бараг тодорхой болчихсон гэсэн үг.

 

УИХ-ын даргад Ц.Нямдорж, Монгол Улсын Шадар сайдад Б.Бат-Эрдэнэ, Ч.Хүрэлбаатар,  ЗГХЭГ-ын даргад Ө.Энхтүвшин, Сангийн сайдад УИХ Ц.Даваасүрэн, Боловсролын сайдад Н.Учрал

Энэ сургаар дараагийн Засгийн газрын гишүүд ч бас тодроод эхэллээ гэх мэдээлэл цахимд хандалт өндөртэй байна. Тодорхой хэлбэл У.Хүрэлсүх Засгийн газраа бүрдүүлээд эхэлчихсэн гэнэ. Таамаглалаар бол МАН-ын даргаар Ж.Энхбаярыг аль хэдийнэ сонгочихож. Хэрэв энэ хувилбар үгүй бол Батлан хамгаалахын сайдад найдвартай гэх. Цаашлаад УИХ-ын даргад Ц.Нямдорж, Монгол Улсын Шадар сайдад Б.Бат-Эрдэнэ, Ч.Хүрэлбаатар, ЗГХЭГ-ын даргад Ө.Энхтүвшин, Сангийн сайдад УИХ Ц.Даваасүрэн, Боловсролын сайдад Н.Учрал, Гадаад харилцааны сайдад Г.Занданшатар, Хуульзүйн, дотоод хэргийн сайдад Х.Нямбаатар, Ш.Раднаасэд, Уул уурхайн сайдад Я.Содбаатар нар тохиролцсон гэх мэдээлэл байна. Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд,  Эрүүл мэндийн сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн сайдуудын нэрс одоогоор тодорхой бус.  

 

Эдгээр таамаглалаас харахад Засгийн газрыг огцруулах үндэслэл дээр гарын үсгээ зурсан ихэнх гишүүд албан тушаалд хүрчээ. МАН-ыхны “60 тэрбум” төгрөг босгох санхүүгийн схемээр бол сайдын суудал 1 тэрбум. Тэгвэл тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн суудал “хоёрдугаар ээлжнийхэнд” гарын үсгээр л олдох нь. Үйл явдал цааш өрнөвөл тодорхой бус үлдсэн сайдуудын суудал дээр тулаан сонирхолтойгоор өрнөнө. Харин үүнийг хэрхэн зохицуулахыг У.Хүрэлсүхийн ухаан мэдэх биз ээ.

 

Ямартай ч  өнөөдөр хуралдах МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар хэд хэдэн асуудал тодорхой болох учиртай. Засгийн газраа авч үлдэх үү задлах уу гэдгийг энэ хурлаар шийдвэрлэнэ. Хэрэв огцруулахаар шийдвэрлэвэл дараагийн сайдуудын таамаг ийм байна.

 

Б.Өрнөх

24tsag.mn