Сүүлийн хэдэн сонгууль дамнан улс төрийн ярианы гол сэдэв болсон 60 тэрбумын яриа бүхий бичлэгийн талаар уг хэргийн гол хүн гэгдэх А.Ганбаатар "Зууны мэдээ" сонины хэвлэлийн төвд мэдээлэл хийлээ.

Тэрбээр бичлэгийг анх тараасан Г.Доржзодовтой өмнө нь олон удаа уулзаж байсан, харин тэр надтай уулзсан яриа болгоноос хэсэгчлэн таслаж бичсэн бичлэгээ эвүүлсэн хэмээн тайлбарлав.

Түүнчлэн 60 тэрбумыг босгох схемийн тухайд А.Ганбаатар хэлэхдээ, “Г.Доржзодов энэ схемийг сонгууль бүрт ярьж явсан. Тэр энэ санхүүгийн схем бол ОХУ-д хэрэглэгддэг зүйл. Үүнийг 2012 онд АН хэрэглэсэн. 2016 онд танай нам энэ схемийг ашиглавал ялах магадлалтай гэсэн. Тэгээд энэ схемээ намын удирдлагуудад танилцуулаад өгөөч гэж хэд хэдэн удаа Г.Доржзодов надтай уулзсан.” гэв. 

Үүнээс гадна намын асуудлаар ярилцсан хурлын үеэр түүнтэй хамт МАН-ын одоогийн генсек Амарбаясгалан, шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Оюун Эрдэнэ нар байлцсан бөгөөд хэрэв энэ үнэхээр жинхэнэ бичлэг юм бол энд байлцсан эдгээр хүмүүс яагаад чимээгүй дуу үгүй суугаад байгаад нь гайхаж байгаагаа хэлжээ. 

Хэвлэлийн бага хуралд А.Ганбаатартай хамт ирсэн хуульч нар мөн л дээрх бичлэгийг эвлүүлэг гэж үзэж буйгаа хэлсэн бөгөөд “Хуулийн байгууллага, шинжээч нар “Эвлүүлэг” гэж дүгнэлтээ гаргасан. Бид үүнд эргэлзэхгүй байгаа” гэлээ.

Сэтгүүлчид түүнээс энэ бичлэгийг хэн хийсэн бэ гэж асуухад, “Намайг дуурайгаад ярьчихаж байгаа хүмүүс ч байгаа байх. Өнөөдөр Монголд хүн дуурайдаг, элэглэл хийдэг хүмүүс олон байна. Ц.Нямдорж гуайг ч дуурайж яриад л байдаг хүмүүс байдаг. Ямар ч хэлбэрээр миний хоолойг орлуулж болно.” гэв.