УИХ-ын 76 гишүүн чуулгандаа ирэхгүй  байх нь энгийн үзэгдэл мэт болоод удаж буй. УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10 цагт зарлагдсан ч ирц хүрэхгүй байгаа тул эхлээгүй байна гэх мэдээг уншигч та бүхэн байнга шахуу уншдаг. Харин энэ байдал одоо халагдаж байгаа бололтой.

Учир нь УИХ-ын гишүүдийг чуулган болон байнгын хороодын хуралдаанд идэвхитэй оролцуулах зорилгоор хурууны хээгээр бүртгэдэг төхөөрөмжийг ашиглахаар болсон. Уг төхөөрөмжийг энэ амралтын өдрүүдэд турших бөгөөд ирэх долоо хоногт хуралдах чуулган болон байнгын хороодын хуралдаанд гишүүд хурууны хээгээр оролцох юм.

Ингээд ирэхээр та бүхэн дур зоргоороо ирж, таалалаараа асуудлыг шийддэг үе ард хоцорно.

Хувийн хэвшилд ажилдаг ард иргэд чинь цөм өглөө, оройдоо ажилдаа ирж буцахдаа уг төхөөрөмжинд хурууны хээгээ  бүртгүүлдэг. Одоо Эрхэм гишүүд та бүхэн ч бас тэдний замналаар явах л болж таарлаа.

Ард иргэд чинь шогшоод болоод байгаа юм чинь та бүхэн ч бас гүйгээд л байж дээ. Иргэдийг ажлын цагаасаа хоцрох юм бол цалингаас хасдаг. Харин эрхэм 76-г яаж шийтгэх юм бол доо.

Ямартай ч УИХ-ын гишүүдэд амжилт хүсээд ард иргэдийн төлөөлөл болсон та бүхэн иргэдээсээ бага ч болтугай суралц гээд хэлчихэд буруутгахгүй байх. Уг нь бүгд хуралдаандаа ирж суудаг байсансан бол өдийд ингэж чангалуулахгүй л байсан биз.

Х.Даваа