Малайз улсад амиа алдсан 25 настай бүсгүйн хэрэг олныг цочроогоод байгаа. Одоогоос хэдхэн жилийн өмнө мөн л монгол бүсгүйн Малайз улсад ажиллаж амьдарч байхдаа бусдын гарт амиа алдаж байсан.

Бүсгүйг өөрөө амиа хорлосон гэх мэдээлэл гарч байгаа ч ар гэрийнхэн нь бусдын гарт амиа алдсан, бүр хүний наймааны золиос болсон гэх мэдээллийг өгчээ.

Хар тамхи, хүний наймааны томоохон хэргийн гэрч болсон бүсгүй гэрийнхэндээ хандан “Агаа намайг аваач. Би амьд байна. Эд намайг худалдаад, амиа алдсан болгох гээд байна. Эд нар намайг хөөгөөд байна. Би айж байна” хэмээгээд утсаа салгасан байдаг аж.

Энэ асуудлыг маш сайн шалгаж үзэх бөгөөд шаардлагатай гэвэл охины хэрэгт холбоотой ажлын хэсэг гаргахаар болсон хэмээн ГХЯ-ны Консулын газрын дарга Ш.Сүхбаатар мэдээлэл өгч байсан. 

Тэрбээр, “Арваннэгдүгээр сарын 23-нд Бээжин дэх Малайзын элчин сайдын яамнаас Монгол Улсын харьяат Э-г амиа хорлосон гэх мэдээлэл ирүүлсэн. 

Энэ даруйд бид талийгаачийн ар гэрийхэнтэй холбогдож учир байдлыг тайлбарлаж , эмгэнэл илэрхийлсэн. Талийгаач амиа хорлосон уу, эсвэл бусдын гарт амиа алдсан уу гэдгийг тогтоолгохоор Хууль зүйн яаманд санал хүргүүлсэн байгаа”  гэж байсан. 

Мөн талийгаачийн ээж Б.Шархүү “Өдрийн сонин”-д ярилцлага өгсөн бөгөөд охиноосоо ирж байсан дуудлага, мессежийг Баянзүрх дүүргийн XI хорооны хэсгийн цагдаад өгч, охиныг нь аврах талаар мэдээлэл өгөхөд өмнөөс  нь “Танай охин чинь галзуурчихсан юм биш үү. Яахаараа хүний наймааны золиос болсон хүн гэрлүүгээ холбоо барьж байдаг юм. Лавтай л галзуурсан” хэмээн шоолон инээж байсан хэмээн өмнө нь мэдээлсэн. 

Харийн оронд амиа алдсан охинд хэн задлан хийхийг зөвшөөрөв 

Харин сүүлийн хэд хоногт харийн оронд амиа алдсан охины талаар хэн хүнгүй шуугиж, гишүүд хүртэл санаа тавих болсон. 

Гэхдээ өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэдэг шиг энэ хэрэг дээр манай улсын хууль хяналтынхан, хүний эрхийн байгууллагынхан тун хойрго хандсан нь илт байгаа юм. 

Ямартаа л арваннэгдүгээр сарын 12-ны өдөр өөд болсон охины талаархи мэдээлэл 10 гаруй хоногийн дараа Монголд албан ёсоор ирсэн байх вэ дээ. Талийгаачийн ар гэрийнхэн Э-г хүний наймааны золиос болсон гэж үзэж байгаа учир эндээс шинжээч, мэргэжлийн хүн авч явах хүсэлтээ холбогдох албаныханд илэрхийлж, ХЭҮК-ийн зүгээс энэ асуудалд анхаарлаа хандуулж шарилыг бүтнээр нь авчрахад туслахаа амлаж байсан байна. 

Гэхдээ тэд амласнаас бус ажилласангүй. Учир нь ХЭҮК-оос ар гэрийнхэнд нь ямар нэг хариу өгөөгүй байхад охины шарилд задлан шинжилгээ хийсэн гэх мэдээлэл гэрийнхэнд нь ирсэн байна. Хэний ч  зөвшөөрөлгүйгээр талийгаачийн шарилд гар хүрсэнд ар гэрийнхэн нь ихэд эмзэглэж байгаагаа илэрхийлж байгаагаас гадна тэд охиныхоо цогцсыг бүрэн бүтнээр нь авчирч, эд эрхтэнийг нь авсан эсэхийг мэдэхийг хүсч байсан нь ойлгомжтой. Харийн оронд суралцахаар одож, хар элэгтний гарт амиа алдсан охиныг хэн хэзээ, ямар учраас алсан гэдэг нь тогтоогдох боломжгүй болжээ. 

Талийгаач хэн байв... 

Э нь айлын отгон хүүхэд бөгөөд Монголд байхдаа хоёр ихэр хүүхэнтэй танилцаж дажгүй цалинтай ажил хийнэ хэмээгээд гэрээсээ явжээ. Гэтэл өнөөх хоёр ихэр гэх хүүхэн нь хүний наймааны томоохон зуучлагчид байсан аж. Энэ хугацаанд охины ар гэрийхнийг бүгдийг нь судласан бөгөөд охиныг амиа хорлосон болгоход ар гэрээс нь хэр хэл ам хийх, нөлөө байгаа эсэхийг ч нарийн судалсан аж.

Мөн эдгээр хүүхнүүдтэй хамт явж байсан нэг хүүхэн нь энд ирж төрсөн аж. Малайздаа зартай биеэ үнэлэгчид байсан эдгээр хүүхнүүдийг олж өгөх хүсэлтийг ч тэд гаргаж тавьжээ. Охин нь удаа дараа би айж байна. Намайг авраач,би зугтаж байна гэх мессеж, дуудлагыг гэртээ явуулаад таг болоод удаагүй байхад ар гэрийнхэнд нь ийм эмгэнэлт мэдээлэл иржээ.

Тэднийг охиныхоо шарилыг эх оронд нь авчрахад Гадаад харилцааны яамнаас зургаан сая төгрөг гаргаж өгсөн ч энэ нь ганцхан хүний ирж очих зардал аж. Тиймээс мессежийг нь хүлээн авч байсан ах нь өөрөө явахаар болжээ.

Талийгаачийн ар гэрийнхэн нь энэ зайлшгүй зохион байгуулалттай үйлдсэн хэрэг гэдгийг мэдээд байгаа учраас Монголоос шинжээчдийн багтай явах хүсэлтээ гэдгээ илэрхийлсэн аж. Ядахдаа л хүний нутаг руу хүүгээ ганцааранг нь явуулахыг хүсэхгүй байгаа аж. 

Өмнөх гашуун түүх мартагдаагүй байхад  дахин нэг сайхан бүсгүйн амиар малайзчууд наадлаа. Шоолоод суусан цагдаа, хайхралгүй орхисон байгууллагын удирдлагад хатуу арга хэмжээ авах цаг болжээ. Монгол охидын маань нэг хэсэг дурандаа биеэ үнэлж байгаа гэгддэг ч тэдний дунд сайхан амьдрахыг мөрөөдөж, сайн суралцаад эх орондоо ирэх хүсэл өвөрлөн яваа охид хэдэн мянгаараа бий. Тийм л охидыг минь хар элэгтнүүд харийн оронд хөнөөгөөд байна, энэ хэний буруу вэ?