Сүүлийн өдрүүдэд олон нийтийн цахим сүлжээ сайтаар нэгэн ташаа мэдээлэл тарж байгаа нь "Зөрчлийн хуулийн дагуу 09 сарын 01-ний өдрөөс эхлэн иргэд төрсний гэрчилгээгээ гээвэл 80,000₮, иргэний үнэмлэх 250,000₮, жолооны үнэмлэхээ хаявал 300,000₮ төгрөг тус тус төлж дахин авахаар боллоо" гэсэн мэдээлэл аж. 

Хэдийгээр Зөрчлийн хууль хэрэгжиж хэд хэдэн заалт өөрчлөгдөж байгаа ч дээрх мэдээлэл ташаа мэдээлэл болохыг Улсын бүртгэлийн газрын мэргэжилтнүүд мэдээлсэн юм. 

Үүнээс гадна иргэдийн дунд өөр нэгэн ам дамжсан ташаа ойлголттой яриа нь Автомашины дугаарын хязгаарлалт цуцлагдсан гэх мэдээлэл юм. Хотын хуучин даргын гаргасан захирамжийн хүчинтэй хугацаа дууссан учир Дугаарын хязгаарлалт байхгүй болсон гэсэн яриа иргэдийн дунд таржээ. Энэ мэдээллийг мөн Замын цагдаагийн ерөнхий газраас ташаа мэдээлэл гэдгийг мэдэгдэн дугаарын хязгаарлалт хуучнаараа үргэлжилж байгаа гэсэн тайлбар өгсөн юм.