“Парис-2017” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, “Аваргууд” академийн тамирчин ОУХМ Пүрэвдоржийн Орхон өрсөлдөгчөө ялж алтан медалийн эзэн боллоо.

Алтан медалийн төлөөх барилдааны өрсөлдөгч нь ДАШТ-ий алт, хүрэл медальт, Европын хошой аварга Украины Юлья Ткач байсан бөгөөд түүнийг 6:3-аар ялснаар Монгол Улсын алтан соёмбот далбаагаа Парисын тэнгэрт мандуулав.

Тэрбээр Парисын дэвжээнд эхлээд Энэтхэгийн Шилпи Шераныг 10:0-ээр, дараа нь Шведийн Хенна Йоханссоныг 6:2-оор, 1/4 шигшээ барилдаанд Нигерийн Блессинг Оборудудуг даралтаар цэвэр ялсан ба хагас шигшээд Пан Америкийн наадмын алт, хүрэл медальт, Пан Америкийн дөрвөн удаагийн аварга Колумбийн Жаклин Кастильог оноогоор цэвэр (13:0) ялснаар шигшээ барилдаанд шалгарсан билээ.