Билгийн тооллын шинийн 3-ны билэгт сайн харагчин хонь өдөр Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдэд “Бяцхан Будда”-гийн дүр бүхий гэрэлт хөшөөний нээлт боллоо.

Бурхан багш эхээс мэндэлж долоон Бадамлянхуа цэцгэн дээр алхаж, эгэлгүй их хувь заяатай нэгэн гэдгээ харуулсан сайхан түүхтэй бөгөөд Монгол Улсад анх удаа энэхүү гэрэлт хөшөөг бүтээн ийнхүү лам хувраг, сүсэгтэн олон хүлээн авсан юм.

Хүүхэд багачуудын төдийгүй хүн төрөлхтөний сайн сайхны төлөө эгэлгүй сайхан бүхнийг бэлгэддэг “Бяцхан Будда”-г бүтээх буянтай ажлыг “Сод Монгол Групп” ХХК ивээн тэтгэж, "БЦХЦ" ХХК-ийн захирал, уран барималч С.Болдбат урласан байна.

Нээлтийн ёслолд Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Чойжамц, Жадо Ренбүүчи, Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэнгийн захирал, түүхийн ухааны доктор профессор Ш.Сонинбаяр “Сод Монгол Групп” ХХК-ийн Ерөнхийлөгч Ц.Анандбазар, Гандантэгчэнлин хийдийн Тамгын лам Б.Эрдэнэхүү болон сүсэгтэн олон, лам хуврагууд өргөнөөр оролцлоо.

Монголын Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Чулуунбат энэхүү хүндтэй арга хэмжээг хөтөлсөн бөгөөд бурхан багшийн эхээс мэндэлсэн түүхийг хурсан олонд танилцуулж, буяныг түмэнтээ аривжуулагч “Үлэмжийн чанар” дууг хурсан олон хамтдаа дууллаа. Нээлтийн арга хэмжээний үеэр Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Чойжамц, “Сод Монгол Групп” ХХК-ийн Ерөнхийлөгч Ц.Анандбазар, "БЦХЦ" ХХК-ийн захирал, уран барималч С.Болдбат нарт энэхүү буянтай их үйлсийг бүтээсэн тул өргөмжлөл, бумба гардуулан өглөө.

Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Чойжамц “Энэ сайхан хөшөөний нээлтэд ирсэн хүн бүхэн дүрийг нь хараад дотроо тунгаан суугаа биз ээ. Буддагийн эхээс мэндэлсэн энэхүү дүр нь Монгол хүүхдийн дүр төрх мэт мэдрэгдэж би хязгааргүй их баярлаж сууна. Хүмүүний сайн сайхны төлөө сэтгэлээ чилээн, их буянтай ажил эхлүүлсэн “Сод Монгол Групп” ХХК-ийн хамт олон, уран барималч нарт талархал илэрхийлье. Түмэн олон амар амгалан байж, төр улс маань мандан бадарч, буян бүхэн жаргал авчрах болтугай гэж ерөөе” гэв.

“Сод Монгол Групп” ХХК-ийн Ерөнхийлөгч Ц.Анандбазар “Монголчууд, хойч ирээдүй болсон хүүхэд багчуудын сайн сайхан бүхний төлөө энэ сайхан буянтай ажлыг хамтран хийж гүйцэтгэн, сэтгэл зүрхээ зориулсан бүх хүнд талархал илэрхийлье. Бурхан багш бодит хүн байсан, тэр дундаа хааны хүү байсан гэдгийг хүн бүр сайн мэддэггүй. Тэр хүн тансаг сайхан орд харшаасаа гарч эгэл амьдралыг нүдээр үзээд бусдыг зовлонгоос ангижруулах их үйл хэргээ эхлүүлж, эгэлгүй хувь тавилантай нэгэн гэдгээ одоо ч сургааль номоороо бидэнд түгээсээр байна. Номын цагаан буян мөнхөд оршиж, та бүхний буян түм түмээр дэлгэрэх болтугай ” гэсэн юм. Мөн энэхүү арга хэмжээнд оролцсон Жадо Ринбүүчи болон гэрэлт хөшөөг урласан "БЦХЦ" ХХК-ийн захирал, уран барималч С.Болдбат нар түмэн олныг зовлонгоос гэтэлгэгч Бурхан багшийн бага насны дүрийн талаар сүсэгтэн олондоо хандан үг хэлсэн юм.

Ийнхүү буян номыг даган баясагч болон нийт монголчууд Гандантэгчинлэн хийдийн төв хаалгаар ороход та бүхнийг бурхан багшийн эхээс мэндэлсэн дүр угтан авч, буяныг мянга түм дахин дэлгэрүүлэх боллоо. Зөвхөн монголчууд гэлтгүй Гандантэгчинлэн хийдэд Монголын тухай сонирхон ирсэн гадаадын жуулчид үзэж, сонирхох нэгэн эрхэмсэг бөгөөд ариун буяныг арвижуулаг гэрэлт хөшөө мэндэллээ.

Нээлтийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн сүсэгтэн олон болон билигт сайн өдөр гэрлэлтээ батлуулан Гандантэгчинлэн хийдэд ирсэн залуу хосууд энэхүү арга хэмжээнд өргөнөөр оролцсон нь анхаарал татаж байв.