1970-аад оны сүүлчээр манай суманд нам төрийн тэргүүн Ю.Цэдэнбал өөрөө морь унаж, мод тохоод, дээр нь тэр үед гараагүй байсан мобиком бариад ирснээс ч гайхалтай зочин айлчилсан нь алмас судлаач Р.Равжир гээч байв. Хөл хөдөлгөөн, хэл чимээ багатай хөдөө нутагт ийм хачин юм судлаач, түүнийгээ хайж (тэр нь мэдээж манай суманд байхгүй) ирнэ гэдэг алмаснаасаа дутуугүй сонин байлаа.

-Майдар даргын гарын үсэгтэй бичигтэй юм гэнэ.

-Тэр бичгэн дээр нь дунд гарын шаазангийн амсрын чинээ улаан тамга дараастай гэж байгаа.

-Бүр дуртай газраасаа унаа, хоол, унд гаргуулах бүрэн эрхтэй гээд заачихсан гэдэг шүү.

Ийм яриа сумын төвөөр дорхноо тарлаа. Тэрхүү «бүрэн эрхтэй, бүдүүн хүзүүтэй» сонин хүн өөрийнхөө бүрэн эрхийн гурав дахь заалтыг шууд хэрэгжүүлж унаа, хоолноосоо илүү «ундаа»-гаар даалгаж гарлаа.

Сонин хачин юм сонсох хүсэлтэй хүмүүс түүнийг гэртээ урих дараалал тогтоосны дэргэд 90-ээд оны картын барааны оочир юу ч биш санагдана. Сургуулийн хүүхдүүд түүнийг томчуудаас дутуугүй сонирхсон боловч ахмад хүмүүс цугласан газар багачууд орох нь ахас ихэсээ хүндлээгүй, одоогийнхоор бол ёс зүйн алдаатай хэрэг тул дэмий л цуу ярианд чих тавина.

-Алмасын зураг үзүүлж явна гэнэ.

-Үзүүлэх ч гэж дээ, сайн харуулахгүй, нүдэнд нь гялс тулгачихаад буцааж өвөртлөчихөөд байгаа гэсэн.

-Улсын нууц болохоор тэгдэг гэнэ.

-Барьж авсан алмасаа манай энд ирээд оргуулчихсан гэнэ ээ.

Энэ бүх ярианаас бид мань ер бусын судлаачийг алмастай учран зургийг нь авчихсан юм байна, ер нь алмас судлаач хүн байнгын 75 градустай байх учиртай ажээ гэсэн ойлголттой үлдэв. Температурын хувьд амь халуун дээр нь албан ажлын шаардлагаар хэрэглэж буй ундааных нь хэмийг нэмсэн хэрэг шүү дээ. Сумын гэрлийн мотор асаадаг хүн сүүний нормтой байхад ер бусын юм судалдаг хүн ийм «нормтой» байхад гайхах юм алга. Хэд хоногийн дараа тэр хүн өөр газар очиж, магадгүй бүрэн эрхийнхээ гуравдугаар заалтыг ч юм уу хэрэгжүүлэхээр яваад өглөө.

Түүний явсны дараа манай хөгшчүүлийн дунд «Манай цорж багшийн хойд дүр мөн гэнэ» гэсэн феодализмын үнэртэй шивнээ таран, зарим нэг сүсэгтнүүд «Уулзаад явуулах минь яалаа» хэмээн малгайгаа авч өвөртөлчихөөд нүцгэн толгойгоо бээлийгүй гараар шааж байтал «Нөгөөх чинь гадаадын тагнуул байсан гэнэ. Дөрвөн мөчийг нь хоньчилж хүлээд аймгийн шүүх рүү дамжлаад орохыг нь харсан хүн байна» гэсэн хувьсгалт цуу дуулдаж, мөнөөх бишрэлтэй хүмүүс малгайгаа даруйхан өмссөн төдийгүй амаа жимийв.

Харин тэр цаг үеэс хойш алмасын тухай яриа манай нутгаар агаар дуслын замаар халддаг ямар ч ханиад шуухинаанаас хурдан түглээ. Алмастай өөртэй нь бус түүнтэй учирсан хүнтэй учирсан хүний тухай л голдуу «Манай эцэгт өвөө маань ярьсан юм билээ...», «Яагаав өнөө хэн гуай гэж нэг сайхан хүн байв даа, тэрнийг ярьсан гэдэг...» хэмээн эхлэх энэ ярианы гол агуулга алс тэртээ Алтайн ууланд ч юм уу, эсвэл их говьд анчин жинчдэд тохиолдсон явдал.

Ихэвчлэн эм алмас эр хүнийг хулгайлдаг. Зарим үндэстэн хүүгээ гэрлүүлэхдээ бэр хулгайлдаг байхад тэд хүргэн хулгайлдаг гэсэн үг. Хулгайлсан хүнээ агуйд аваачин хорьж байгаад өөрийгөө хүчиндүүлэх ба гэрлэлтийн хүчирхийлэлд өртсөн цаад хөөрхийд санал гомдлоо гаргах Хүчирхийллийн эсрэг төв ойр хавьд нь байхгүйн улмаас их төлөв оргодог. Йоджуулсан байтугай огт давсгүй, түүхий мах идсээр байгаад бүх биед нь үс ургаж “байгалийн нэхий дээл”-тэй болсон нэгэн ирээд, удалгүй гуужих ба хэнхдэг сэрвээнийх нь үс муу нэрийн нэгэн адил хусавч эс арилах тул «дэлт» хэмээх хоч зүүсэн тухай барим тавим өгүүлнэ.

Харин хүнийх нь нэр солигдон дэлт Сундуй, дэлт Шагдар, дэлт... гэхчлэн газар бүр ондоогоор нэрлэн өөр өөрийнхийгөө зөв гэж мэтгэлцэнэ. Нарийндаа бол «манай энд» гэсэн тодотгол энэ домогт бараг байдаггүй, алтайнхан болохоор «Танай Хангайн нуруу, Отгонтэнгэр хавьд харсан дуулддаг» гэх болсон ба хангайнхан « Алтайд байдаг гэнээ. Харин говьд ч гарцаагүй» гэж буцаах бөгөөд говийнхон үүнийг «Тэрэн дээрээ тулбал Алтай, Хангай хоёрт хоёуланд нь байдаг» гэж нотолно.

Харин өнөөх Р.Равжир гэдэг хүн алмасаа бариагүй, бас дайсны тагнуул болоогүй гэдгийг сүүлд мэдсэн ба «Алмас сурвалжилсан тэмдэглэл» гэдэг ном гаргасныг нь хожим уншсан. Мэдээжээр энэ ном миссис Алмасыг буланд шахаж байгаад микрофон тулган авсан ярилцлага биш. Гэхдээ цаг завтай, хэрэгт дуртай хүнд бол дажгүй детектив. Уулзсан хүн, байдаг газар нь үргэлж солигдох энэ домгийн зохиогч нь монголчууд тэр дундаа дэлт... нар, Равжирын аль нь ч биш ажээ.

Түүгээр ч барахгүй монголчуудын цаст Түвдийн орноос залж ирсэн дөрвөн зүйлийн нэг нь алмас ажээ. Шарын шашин залсан хүмүүс сарлаг унаад, судар ганзагалаад, нохой дагуулан ирэхдээ алмас үзсэн хүнтэй уулзсан хүний тухай «цай уух зуур» ярих юмтай буусан хэрэг. Уншигч та ч гэсэн Балба, Түвдээр аялбал алмас үзэхгүй ч гэсэн «Алмас» нэртэй буудалд тухалж, «уулзсан» хүнтэй хуучилж болно. Үлгэр домог шинжлэх ухаанаас илүү сэтгэл гижигдэнэ гэсэн үг бий. Гэтэл алмасын асуудал өдий төдий судалгаа хийгдсэн, олон судлаач адал явдал хайгч, шинжээчдийн хөлс хүч, харанхуй бүдүүлэг нутгийнхны уран дүрслэл аль аль нь шингэсэн шинжлэх ухааны домог юм.

Алмасыг цасны хүн, иети, конгми гэх мэт янз бүрээр нэрлэнэ. Манай зарим домогт хүн хар гөрөөс хэмээсэн нь буй. Зарим улс орон алмасын эрлийг дуртайяа санхүүжүүлж байхад нөгөө нэг нь, тухайлбал Балбын засгийн газраас 1957 онд «Лус савдаг хилэгнүүлсэн» шалтгаанаар алмасын эрэлд хориг тавьж байсан удаатай. Хэдийгээр «Гээвэл олдоно», «Эрлийн үзүүрт эрдэнэ бат» гэх мэт сайхан үг байдаг ч алмасын эрэлчид алмасаа олсонгүй. Гэхдээ мөр олжээ. Мөр нь байгаа юм чинь бие нь байж таарна гээд дараагийнх нь хөдлөх боловч их л сайндаа мөр олно. Яг таг алмасын мөр гэхэд хэцүү, том палбигар хоёр хөлтэй амьтны мөр олдог байсан. Алмас судлал маань яван явсаар мөр судлал гэмээр юм болж хувирав.

Ямар нэгэн юм гараад ирмэгц онол таамаг гэдгээ дэвшүүлдэг эрдэмтэн мэргэд хэмээх сайхан улс манай дэлхийд элбэг хойно алмасыг зүгээр орхисонгүй. Нэг хэсэг нь халуун орны горилл хэмээх сармагчин хүн төрөлхтөн хөргөлтийн систем бүтээх асуудалд нэн хойрго хандаж буйд дургүйцэн Хималайн ууланд «эсэргүүцлийн дааралт» хийхээр гарсан хэмээжээ.

Эрдэмтдийн гол зорилго нь өөрийн зөвийг батлах бус өрөөлийнхөө худалчийг нотлох явдал учраас нөгөөдүүл нь түүнийг эсэргүүцжээ. Хүний хөгжлийн өмнөх тодорхой үед буюу неандерталь хэмээх агуйн хүний үед нэг хэсэг нь «Ингээд байвал атомын бөмбөгтэй болоод, цөмийн сүйрэлд орж мэднэ» хэмээн хаширлаад хөгжлийнхөө моторыг унтраан Хималайд гарч хиппи болсон аятай ярина.

Харин « Цасан дээр гарсан жижиг амьтны мөр наранд гэсэн тэлсээр томорч ер бусын амьтных гэмээр болдог байх» гэсэн нэг таамаг төдий л тоогддоггүй. Биднийг маш сайхан таамаг дэвшүүлээд орхимогц «сайхан залж байна» хэмээн дооглох атлаа тэднийг сайхан залаад ирэхлээр «чухал таамаг дэвшүүллээ» хэмээн гайхдаг энэ хорвоог яалтай билээ!

Балбын Понбочо сүмд алмасын хуйх хадгалагдаж байжээ. Хойш налсан хүрэн бор үстэй ёстой сүпэр хуйх. Эрдэмтэд сүмийн эрхтэн дархтныг ятгасаар байгаад түүнийг нь Лондонд аваачиж шинжлүүлсэн чинь юу болсон гэж санана? Янгирын хүзүүний арьсыг дэлгэж татан хийсэн хулхи хуйх байжээ. Манай сайхан оронд ч гэсэн зарим хийдэд алмасын 89 размерийн арьс, цөсөөр нь үйлдвэрлэсэн пенициллин эм байжээ гэж ойлгомоор яриа хөөрөө ч зөндөө.

Зарим хүмүүсийн нотолдгоор алмас, шулам хоёр нэг зүйл амьтан бөгөөд шулмас нь эмэгчин нь юм байна. Эргэлзээтэй нь, алмас нь шулмасаа богтлохын оронд эр хүн хулгайлдагт байгаа юм. Эсвэл шулмас нь төрөлхийн лесби (эмийг эрлэгч), алмас нь угаасаа гомо (эрийг эмлэгч) хэрэг үү? Тэгтэл яаж өсөн үрждэг хэрэг вэ? Нэг эст бүдүүлэг амьтад шиг эс нь хуваагдаж салаалсаар гар хөл нь мөчирлөн аажимдаа нэг алмас хоёр болж хувилагддаг юм болов уу гэмээр. Эсвэл колонацийн аргыг тэд аль эрт нээгээд өөр дээрээ туршсан бололтой. Ийнхүү үй түмэн асуулт тавигдахын хэрээр хариулт бий болж алмасын түүх зузаарсаар. Харин өөрөө байгаа эсэх нь бүү мэд.

Алмасын эрэл өөрийн гэсэн он дарааллын түүхтэй. Тэр байтугай интернэтэд өөрийн гэсэн байр суурьтай. Энэ хуудас «1800-гаад оны үед хүн алмастай хамт амьдарч байсан гэх...» гэж эхлээд, хачирхалтай нь «...тэндээс хамгийн сүүлд мөр олдов» гэж дуусах ажээ.

Манай орны зах хязгаар нутгийн нэгэн ууланд гурван жуулчин явж байжээ. Гэтэл нэг алмас майхных нь хажуугийн цасан дээр дурсгал болгон мөрөө үлдээгээд явсан гэнэ. Арай л «Таныг хундэтгэсэн ...» гээд гарын үсгээ зураагүй юм байх. Манай боловсролын хуулинд алмасын хүүхдэд бичиг үсэг сургах талаар тодорхой юм заагаагүй учир тэдэнд юуны буруу байх билээ. Ингээд уг дарааллын бичгээс сонирхуулъя.

+ 18? Алмас хүнтэй амьдарч байсан гэх. 1950-иад онд Балбад алмасны арьс байсан гэх. Энэ хоёр баримтыг эргэлзээтэй зүйл хэмээн эхэнд нь тэмдэглээд 1832 онд Балбад нэвтэрсэн анхны англи хүн гэгдэх Б.Х.Хадсон өөрийнх нь анчид руу хүн дүрстэй болхи хөдөлгөөнтэй амьтад дайрсан тухай мэдээлжээ. Харин өөрөө хараагүй бололтой юм.

+ 1889 онд хошууч Водел Хималайн нурууны 11000 тохой өндөрт алмасын гэмээр мөртэй таарчээ.

+ 1913 онд Хятадын хэсэг анчид үсэрхэг, хүнтэй адил амьтан Патан гэдэг газраас «баривчилжээ». Алмас анчдын «Ганц худагт» 5 сар суусны эцэст «Хэргээ хүлээлгүй» үхсэн гэх.

+ 1921 онд Эверестэд авирч байсан Ховард Бури алсад хэдэн хар юм бөртөлзөн далд орсныг алмас байх хэмээн боджээ.

+ 1923 онд Английн хошууч А.Камерон мөн л ийм юмны бараа харжээ. Хоёр хоногийн дараа тэнд очиход хүнийх шиг атлаа том мөр байв.

+ 1936 онд Эрик Шиптон бас л мөр үзлээ. Мөрийг хөөж явсаар хад руу оруулан алджээ.

+ 1937 онд Ф.Смит 14 000 тохой өндөрт мөр олсон төдийгүй «Алмасын тухай яриа» тэмдэглэлтэй харьжээ. Түвдүүд түүнд «Өө чи чинь алмас мэддэггүй юм уу даа? Манай энд зөндөө... зөндөө» хэмээн гуталчин Маруфархуу хуучилж өгчээ.

+ 1941 онд ЗХУ-ын хурандаа Варген Крипетьян сонин зүйл тэмдэглэжээ. Кавказад партизанууд түүнтэй холбоо барьж хүн төрхтэй, урт үстэй энд тэндээс нь татаж чангаахад анги салбарынхаа нууцыг хэлэхгүй хачин фашист баривчилсан ба дулаан өрөөнд оруулахаар амь тэмцэн орилоод, гадаа гаргахаар зүгээр болчихоод байгаа тухай мэдээлжээ. Харамсалтай нь «Майнкамп»- ыг уншсан байж мэдэх тэрхүү нацист алмас оргожээ. Хэрвээ Дагестаны Дотоод яам түүнийг Германы тагнуул биш ердөө л нэг муу алмас байна хэмээн тайлбарлаагүй бол партизанууд олзны этгээдийг дулаан газар гал түлэн эрүү шүүлт тулгаж өчиг авах хэрэг гарах байв.

+ 1948 онд Сиккимд Жийн Форстэс хэмээх норвег хүнийг хоёр алмас бүлэглэн зодож мөрийг нь гэмтээжээ. Ойр хавьд цагдаа байгаагүй учир сэжигтэн алмас хэргийн газраас оргон зайлжээ.

+ 1949 онд Хималайд анх гарсан Дэнзэн Норгой нэгэн сүмийн ойролцоо алмас салхинд гарч явахыг харснаа ярьсан гэх.

+ 1954 онд Английн «Дэйли Мэйл» сонин алмас барих экспедиц зохион байгуулж хагас сар эрсний эцэст мөр олсон байна.

+ 1955 онд Лостэр Дэйвис мөрнийх нь зургийг авчээ. Цаадах нь иргэний үнэмлэхний цээж зураг авахуулахаас татгалзсан болтой.

+ 1992 оны зургаан сарын 12. Ж.Фрийман-Этвүд Монгол орны хязгаар нутгийн уулсаар хоёр нөхрийн хамт аялж явжээ. Нэг удаа майхнаа бариад хоёр цаг өнгөрсний дараа гадаа нь цасан дээр алмасын мөр гарсан байв...

«Барааг нь хараад алдлаа», «Халуун мөрөөр нь орчихсон шүү», «Мөрнийх нь зургийг авсан» гэх мэт юу юугүй бариад авахнээ гэмээр горьдлого төрүүлсэн алмасын эрэл хайгуулын түүх «С.Зоригийг хөнөөсөн» хэргийг манай цагдаагийнхан мөрдөж байгаатай олон талаар төстэй. Ялгаатай нь гэвэл тэд «Алмасыг яг барих гэхээр шинжлэх ухаан саад болоод байна. Намайг академич болгочихвол олоод ирнэ» гэх маягийн шуугиан дэгдээж, баавгай чоно үнэг зэргийг «Энэ нөхөр л алмас мөн байж магадгүй» хэмээн сэжигтнээр татаж төвөг удаагүй билээ. Алмас, алуурчин хоёр олдохыг хэн байг гэх вэ. Цаг хугацаа харуулна биз?

2000 OН (ӨДРИЙН СОНИН)