ВАШИНГТОН. /Sputnik/. Америкийн “Apple” компанийн хувьд есдүгээр сарын 12 чухал өдөр болох нь ээ. Учир нь тус компани ирэх сарын 12-нд “iPhone 8” ухаалаг гар утсаа танилцуулах гэж байгаа аж.

 

Дэлхийн ухаалаг гар утасны чиг хандлагыг тодорхойлогчдын нэг болох тус компани “iPhone” загварын гар утсаа анх танилцуулсны 10 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Үүнтэй холбоотойгоор тус компани “энэ онд ээлжит шинэ бүтээгдэхүүнээ гаргах байх” гэсэн хүлээлтийг “iPhone” хэрэглэгчдийн дунд үүсгээд байгаа юм.

 

“iPhone 8” ирмэг хүрээгүй дэлгэцтэй, нүүр таньдаг технологитой байна, home button буюу үндсэн товчлуурыг халж оронд нь харахад “бодит” мэт боловч дэлгэцэн дээр дарахад мэдэрдэг товчлууртайгаар хийж магадгүй гэх мэт янз бүрийн цуурхал, таамаг салбарынхны дунд тархаад байгаа билээ. Гэхдээ “Apple” одоогоор шинэ гар утасныхаа онцлогуудын талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.

 

Энэ шинэ гар утас нь ойролцоогоор 1000 долларын үнэтэй байх төлөвтэй байна.

 

Ерөнхийдөө “Apple”компани шинэ бүтээгдэхүүнээ танилцуулснаасаа 10 хоногийн дараа худалдаанд гаргаж заншсан юм. Тэгэхээр “Apple”-ийн салбар дэлгүүрүүд ирэх сарын 22-ноос “iPhone”-д дурлагчдын хөлд дарагдаж эхэлнэ гэсэн үг.

 

“Apple”-ийн хувьцаа одоогоор түүхэнд байгаагүйгээрээ өндөр ханштай байгаа аж. Тус компанийн нийт борлуулалтын бараг 70 орчим хувийг “iPhone” эзэлдэг юм. Тиймээс “iPhone 8” худалдаанд гарахаар тус компанийн ашиг орлого эрс өсөж магадгүй.

 

Г.Доржханд

Эх сурвалж: Монцамэ агентлаг