Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга өнгөрсөн долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн билээ. Уг хуульд 1600 орчим зөрчлийг зохицуулахаар тусгасан. Тэгвэл иргэдийн дунд Зөрчлийн хуультай холбоотой ташаа мэдээлэл цацагдах болсон билээ.

Тиймээс Зөрчлийн хуулийн тухай таны мэдэж байх ёстой онцлох заалтуудыг дахин хүргэж байна. Энэхүү хуулинд хулгай хийсэн, олон нийтийн газар танхайрсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зэрэг тохиолдлуудад баривчлах шийтгэл ногдуулах бол бусад тохиолдолд торгох шийтгэл ногдуулж байгаа юм.

Ингэхдээ баривчлах хугацаа 7-30 хоног бол шалган шийдвэрлэх хугацаа 14 хоног байгаа. Зөрчлийн хуулиар хамгийн бага торгууль нь арван мянган төгрөг бол хамгийн дээд торгуулийн мөнгөн дүн нь 100 сая төгрөг байгаа юм.

1. Олон нийтийн газар, автозам, орон сууцны орчны газар, гудамж талбайд бие зассан, нус, цэр, тамхины иш, хог хаясан бол арван мянган төгрөгөөр торгоно.

2. Биедээ хутга, эсхүл хүний биед гэмтэл учруулж болох тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл авч явсан бол зэвсэг, хэрэгслийг хурааж 25 мянган төгрөгөөр торгоно.

3. Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол 100 мянган төгрөгөөр торгоно.

4. Иргэний үнэмлэх, энгийн гадаад паспорт, улсын бүртгэлийн гэрчилгээг барьцаалсан, барьцаалуулсан, зориуд гэмтээсэн бол 25 мянган төгрөг, хуулийн этгээдийг 250 мянган төгрөгөөр торгоно.

5. Аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол 50 мянган төгрөгөөр торгоно.

6. Хог хаягдлыг зориулалтын цэгээс бусад газарт хаясан бол нөхөн төлбөрийг гаргуулж 30 мянган төгрөг, хуулийн этгэээдийг 300 мянган төгрөгөөр торгоно.

7. Төрийн бэлгэ тэмдгийг үйлдэх, дүрслэхдээ хуульд заасан хэмжээ, харьцааг алдагдуулсан бол 20 мянган төгрөг, хуулийн этгээдийг 200 мянган төгрөгөөр торгоно.

8. Хүний нэр төр, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн бол хоёр сая төгрөг, хуулийн этгээдийг 20 сая төгрөгөөр торгоно.

9. Нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хувь хүнийг арван мянга, хуулийн этгээдийг нэг сая төгрөгөөр торгоно.

10. Тээврийн хэрэгсэл жолоодох үед гар утас хэрэглэсэн бол жолоочийг арван мянган төгрөгөөр торгоно.

11. Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар тээврийн хэрэгслийн жолооч, эсхүл зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй бол хүнийг арван мянган төгрөгөөр торгоно.

12. Зам дээр автомашин угаах, худалдаа наймаа хийж замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлсөн бол 50 мянган төгрөг, хуулийн этгээдийг 500 мянган төгрөгөөр торгоно.

13. Улсын бүртгэлийн хуурамч дугаар бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол гурван сарын хугацаагаар жолоодох эрхийг хасаж, 50 мянган төгрөг, хуулийн этгээдийг 500 мянган төгрөгөөр торгоно.

14. Зарлан дуудах хуудас авсан иргэн тогтоосон өдөр, цагт цэрэг татлагын байр, товлосон газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол 100 мянган төгрөгөөр торгох гэх мэтчилэн заалтууд хэрэгжиж эхэлсэн.

15. Согтууруулах ундаагаар шагнаж урамшуулсан, эсхүл цалин хөлс орлуулж олгосон, эсхүл төрийн өмчит, эсхүл төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, улсын, эсхүл орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллагын хөрөнгөөр согтууруулах ундаа худалдан авсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг 20 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 200 мянган төгрөгөөр торгоно.

16. Мотоцикль, мопедын жолооч, эсхүл зорчигч хамгаалалтын малгай өмсөөгүй бол хүнийг арван мянган төгрөгөөр торгоно.

17. Төмөр замын гарамгүй хэсгээр нэвтэрсэн, эсхүл төмөр замын гарам нэвтрэх журам зөрчсөн бол 25 мянган төгрөгөөр торгох.