Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр өндөрлөж, өнөөдөр Багийн ДАШТ болох юм.

Эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн тамирчны бүрэлдэхүүнтэй Унгарыг зорьсон Монголын жүдочид нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж, багийн амжилтаар Япон болон Францын багийн дараа гуравдугаарт бичигдсэн билээ.

Харин өнөөдөр Монголын жүдочид багийн дэлхийн аваргад зодоглоно. Өмнө нь эрэгтэй, эмэгтэй тусдаа өрсөлддөг байсан багийн ДАШТ энэ жил анх удаа шинэчилсэн дүрмээр зохиогдож байгаа. Тодруулбал, багууд эмэгтэй гурав (-57, -70, +70 кг), эрэгтэй гурав (-73, -90, +90 кг) жин багтаасан холимог бүрэлдэхүүнтэй байх юм.