Монгол туургатны уламжлалт гар урлалын нэг төрөл болох зээгт эсгий ширмэлийг хойч үедээ залгамжлуулан үлдээх зорилготойгоор Чингис хааны үеийн аж ахуй амьдрал, ёс заншлыг харуулсан бүтээлийг урласан байна. Тус бүтээлд эсгийн дээр “Монголын нууц товчоо”-ны зурган өгүүлэмжийг зээглэн ширэх аргаар урласан бөгөөд Монгол зураг, Монгол үндэсний хээ угалз, Хүннүгийн үеийн буган хөшөө, хадны сүг зураг, монгол ёс заншил болох нүүдлэх, мал маллах, бөөгийн үйл, уран дарханы үйл болон бусад үйл явцыг багтаан харуулсан аж.

   Монгол Улсын 21 аймгийн 5000 гаруй урлаач, үйлчид 2015 оны 12 сарын 28-наас 2017 оны 3 сарын 12-ийг хүртэлх хугацаанд бүтээсэн бөгөөд уг бүтээлийг урлах явцад 4000 гаруй хүмүүст зээглэн ширэх оёдлыг зааж сургасан ажээ. Энэхүү дүрслэх урлагийн бүтээлийг урлах үйл ажиллагаанд Монголчууд төдийгүй Өвөрмонгол, Тува, Буриад, Халимаг, Киргиз зэрэг монгол туургатнууд хамрагдсан бөгөөд уг бүтээлд 108 метр цагаан эсгий, 2000 км зээг, 20000 км метр тэмээний утас, 120 ширхэг тэвнэ, 120 ширхэг зүү, 32 өнгийн 100 гаруй литр будаг, 288 метр нягтруулагч таар, 110 метр цагаан даавуу оржээ.

  Эсгийн дээр “Монголын нууц товчоо”-г Монгол түмэндээ танилцуулах, соёлын өвд бүртгүүлэх үүднээс энэ сарын 13-ны өдөр 12:00 цагаас Сүхбаатарын талбайд хүндэтгэлийн ёслолыг зохион байгуулахаар болжээ.