Өнөөдөр Ус сувгийн удирдах газрын ахмадын зөвлөлөөс “Бид бүтээлч ахмадууд” өдөрлөгийг зохион байгууллаа. Тус байгууллагаас гарсан ахмадууд тарьсан ногоо, урласан дээл хувцас, амттан, цагаан идээ, дарсан ногоо зэргийг танилцуулдаг энэ өдөрлөг жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг. Энэ жилийн өдөрлөгт 200 гаруй ахмад оролцсон бөгөөд Ус сувгийн удирдах газрын ахмадын зөвлөл мэргэжлийн дуучин, бүжигчнээс ялгаагүй авьяаслаг зүгээр суудаггүй гэдгээ баталсан юм.

УСУГ-ын ахмадын зөвлөлийн дарга З.Алтанцэцэг: Өдөрлөгийн үеэр ахмадууд маань хийсэн бүтээсэн бүхнээ зах зээлийн үнээс хямдаар борлуулдаг. Тухайлбал тариаланчид маань ногоогоо, элдэв хольцгүй чанамал зэргийг худалдаалдаг. Оёдлын цехтэй ахмадууд маань загвар үзүүлдэг. Загварыг нь залуучууд маань өмсдөг. Хэн юу хийж байгаагаа бүгдийг нь танилцуулдаг байгаа. Жил бүр болдог арга хэмжээнд маань энэ жил урьд жилүүдээс олон ахмад оролцож байна.

Энэ жил бид одон бөмбөгийн тэмцээн зохион байгуулсан. Тэмцээнийг УСУГ-ын дарга нар дэмждэг. Ер нь УСУГ-ын дарга нар биднийг ахмадууд гэж тоолгүй орхидоггүй харин ч бидний нэг салаа салбар гэж хүлээн авч залуучуудтайгаа хамтардаг.

 

УСУГ-ын ахмадын зөвлөл байнгын идэвхтэй үйл ажиллагаа зохион байгуулдаг. Тодруулбал, ахмадуудыг хөдөлгөөний хомстлоос сэргийлэх зорилгоор жил бүр бүжиг заадаг. Одоогоор 10 гаруй бүжиг заагаад байна бөгөөд өдөрлөгийн үеэр сурснаа тайлагнадаг байна. Мөн ахмадын зөвлөлөөс урлагийн үзлэг, хийн дасгалын хичээл заадаг. Хийн дасгалаар УСУГ-ын намарын биеийн тамирын өдөрлөгт оролцдог ажээ. Ахмадын зөвлөлийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог нас бол тоо гэдгийг харуулсан чадварлаг хүний нэг нь А.Нарангэрэл юм. Тэрбээр жил бүр тарьсан ногоогоо дарж, чанамал хийн өдөрлөгт оролцдог ажээ.

Aхмадын зөвлөлийн гишүүн А.Нарангэрэл: Манай хүн бид хоёр УСУГ-т 20 гаруй жил ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Би Төв цэвэрлэх байгууламжийн кенизийн машинистаар, манай хүн машинистаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Ахмадын өдөрлөгт жил бүхэн оролцдог. Өнгөрсөн жил би элэгний тортоор оролцсон. Өнөөдөр “Баялаг” амьтны дүрстэй, махтай пирог хийж ирсэн. Ахмадын зөвлөлийн үйл ажиллагаа их сайхан. Бөөнөөрөө олон арга хэмжээ зохион байгуулдаг.

Тэтгэвэрт гарсан ч улс орондоо ихийг хийж бүтээж байгаа  ахмадууд УСУГ-ын ахмадын зөвлөлд цөөнгүй байдаг ажээ.

Жил бүрийн өдөрлөгийн дараагаар шинээр тэтгэвэрт гарсан ахмадуудыг Ахмадын зөвлөл хүлээж авдаг. Өөрөөр хэлбэл УСУГ-ын алба нэгжээс тэтгэвэрт гарч байгаа нэгнээ гаргаж өгөхөд ахмадыг зөвлөл нь хүлээн авч ахмад ажилтан гэсэн үнэмлэх гардуулдаг юм байна.

Ингээд “Бид бүтээлч ахмадууд” өдөрлөгөөс бэлтгэсэн гэрэл зургуудыг хүргэе.