Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн байдал ороо бусгаа гэж “Хуучин хүү” өгүүллэгт гардаг байх аа. Тэрний үлгэр манай улс төрийн тогоонд өрнөсөөр байна.

УИХ-ыг эрхэм гишүүдийн ажил шалдар булдар, эдийн засгийн байдал ороо бусгаа харагдана.

Ер нь бодоод байхнээ бүр шал дургүй хүрчихлээ. Энэ төрийн толгойд байгаа хэдэн нөхөд яг ямар бодлого боловсруулаад, энэ улс оронд нүүрлээд байгаа эдийн засгийн хямрал, талхны үнийг 50 төгрөгөөр бууруулах талаар ямар ажил хийгээд байгаа юм бэ. Түй ч алга яг үнэндээ.

Харин УИХ-аас гарлаа, болилоо, хална, солино, орны хүнийг сонгоно гэсэн асуудалд үнэн голоосоо идэвхтэй хамрагдаж, УИХ-ын чуулганы ирцийг бараг 100 хувьд хүргэх нь ээ.Ичмээр дамшигнууд. Улс орныг хамарсан хуулийн талаар хэлэлцэж, санаж солилцож батлах болохоор танхимдаа харагддаггүй, “Хаагуур ямар юмаа хийгээд яачихаад яваад байна вэ” гэдгийн үлгэр болдог хэрнээ хэрүүл шуугиан, хүн муулах асуудал гарч ирвэл бүгдээрээ цугладаг. Гаж сэтгэлгээ, эсвэл үхэр монголчууд угаасаа ийм зантай юм уу.

Саяхан л Р.Амаржаргал гишүүн баахан “од” боллоо. УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ өөрөө татгалзаж, энэ УИХ-д сандал бөглөөд, юу ч хийхгүй суугаад байгаа нөхдийн өмнөөс хариуцлага хүлээе гэсэн. Үнэхээр мундаг зориг, мундаг алхам. Тэр энэ суудлаасаа татгалзах болсон шалтгаанаа дөрвөн зүйлээр тайлбарласаны хамгийн чухал нь эдийн засгийн хямрал дээдцэгтээ хүрснийг Монголын топ эдийн засагчийн хувьд зарласан явдал байлаа.

Миний бодлоор үнэхээр л нээрээ юм боддог, ухаантай хүмүүс бол “Хүүе энэ Р.Амаржаргал гишүүн үнэхээр үнэн зүйл ярьж байна шүү. Манай эдийн засаг үнэхээр хямарсан нь үнэн. Хамтдаа амаа хөдөлгөх биш ажлаа сайн хийцгээе” гэж хэлэх байсан биз. Гэтэл манай үлдсэн 75 маань юун нөгөө эдийн засаг манатай. Нөгө Р.Амаржаргал гишүүний суудлаасаа татгалзах болсон дөрвөн шалтгаан тэдэнд огтоосоо сонин биш. Харин “Энэ нэг нөхөр сайн хүн болж жүжиг тавьж байна” ухааны юм дотроо бодоод, Ц.Нямдоржоос авахуулаад “Сэтгэлгүй нөхрийг явуул явуул” энэ тэр гэж суухав дээ. Энэ асуудлын хэлэлцэх гэж УИХ-ын эрхэм 76 гишүүнээс 65 нь цугласан гээд бод доо. Үнэхээр “бахархав” тэднээрээ.

Сэтгэлгүй гэнэ үү. Юу ярина вэ. Хамгийн их сэтгэлтэй нь биш үү харин. Сэтгэлгүй байсан бол довоо шарлуулаад, хувийн жаргалаа хөөсөн бусадтайгаа адил “Сайхан байнаа” гээд явах л байсан шүү дээ. Тэр хүн Монголын эдийн засаг үнэхээр хүнд байдалд байгааг мэдээд, санаа нь зовсондоо, бусад нь “хөдлөхгүй” болохоор өр нь өмтөрч, бусад нөхөддөө цөхрөхдөө ийм үйлдэл хийсэн биз.

За ямар ч байсан ард түмэн бидний амьдралын төлөө суудлаасаа хүртэл татгалзаж суугаа энэ гишүүнээ алдаагүйдээ баярлах хэрэгтэй.

Ингээд тэмцээд ч нэмэр алга шиг байна доо. Эрхэм гишүүд маань энэ үйл явдлаас сургамж авсангүй бололтой. Санаж сэрээд эдийн засгаа яаж өөд нь татах вэ, юу нь буруу болчихов, яагаад доройтов гээд шалтгааныг нь хайх юм байх гэсэн чинь дахиад л албан тушаалаас буулгах, суулгах тухай хэлэлцээд эхлэх шив дээ. Хэлэх үг олдохгүй юм.

УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн хуралдаан өчигдөр Төрийн ордны “В” танхимд болж, УИХ дахь МАН-ын бүлгээс тавьсан Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг огцруулахтай холбоотой асуудлыг өдөржингөө л хэлэлцлээ.

Тэд эдийн засгийг хүндрэлд оруулсан хүн гэж салбарын сайдыг нь огцруулангуут асуудал шийдэгдэнэ гэж бодсон юм байх даа. Өөр хэн нэгнийг сайдаар сонголоо гээд тэр эдийн засгийн хямралаас гаргачих уу. Үнэхээр гаж сэтгэлгээ, гаж тогтолцоо гэхээс өөр юу ч хэлэх вэ дээ.

Б.Цовоо