Дорнод бүсийн Мамайми Хит баг багийнхаа домогт тоглогч Дуэйн Уэйдыг чөлөөт агентаас багтаа элсүүлэх хүсэлтэй байгаа гэгдэж байсан билээ.

 

Тэгвэл энэ нь цэвэр багийн удирдлагуудын шийдвэр биш байсан бололтой. Майамигийн фенүүд болон тоглогчид нь Уэйдыг багтаа авах хүсэлтэй ч багийн удирдлагууд түүнд хүссэн гэрээг нь санал болгох боломжгүй гэсэн мэдээлэл гараад байна.

 

Энэ жил 35 настай Уэйд Чикаго Буллс багтай тохиролцож, гэрээгээ цуцлах нь бараг тодорхой болоод байгаа. Харин Майами Хит баг түүнд 1 улирал тоглох 4.3 сая долларын гэрээг л санал болгохоос гадна сэлгээнээс тоглохыг Уэйд зөвшөөрөх ёстой гэнэ. Энэ нь Уэйдыг эргэлзүүлэх шалтгаан болоод байна. Хитийн хувьд Горан Драгич болон Дион Уэйтерс нар том хэмжээний гэрээтэй байгаа билээ. Үүн дээр Уэйдэд хүссэн мөнгөн дүнг нь өгөх боломж хомс хэмээн үзсэн байна.

 

Энэ мэдээ гарсан даруйд Лэйкерс, Кливленд багуудтай Уэйдыг холбох эх сурвалжууд олон боллоо. Дахин аваргын төлөө дайралт хийхийг хүсвэл Кливлендэд ирэх боломжтой бол Лэйкерсийн хувьд Уэйдыг мөн сонирхож байгаа гэсэн мэдээллүүд эртнээс гарч байсан.

 

Уэйд эцсийн шийдвэрээ 9-р сарын 25-аас өмнө гаргах шаардлагатай болоод байна.