Сүүлийн жилүүдэд иргэд эрх ашгаа хамгаалахын тулд нэгдэн нийлж, төрийн бус байгууллага, холбоодыг байгуулан төр засаг, ард түмэнд дуу хоолойгоо хүргэдэг моод дэлгэрчээ. Үүнийг буруутгах аргагүй ч холбоо, хороо, ТББ-ын нэр зүүж, тамга тэмдэг өвөртөлсөн нөхдүүд ээлж дараалан элдэв мэдээлэл хийж, олон нийтийг тархийг “угаах” гачиг тогтолцоотой болчихов.

 

Үүний тод жишээ нь авто худалдааны төвүүдийг Нийслэлийн өмчит Авто худалдааны цогцолбор рүү нүүлгэхээс үүдэн байгуулагдсан ТББ, хороо, холбоод. Хотын түгжрэлийг буруулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах үүднээс автохудалдааны төвүүдийг нэгтгэн стандартад нийцсэн автохудалдааны цогцолбор байгуулах ажлыг НЗДТГ-аас санаачлан хэрэгжүүлж, өнгөрсөн сарын 24-ний өдөр үйл ажиллагаагаа бүрэн эхлүүлж, уг газар руу нүүхийг уриалж, басхүү шаардаж байгаа. Гэсэн ч автохудалдаа эрхлэгчдийн зарим хэсэг нь тус газар руу нүүхгүй гэдгээ мэдэгдэж байгаа бол зарим нь нүүхийг дэмжиж байна гэдгээ ч илэрхийлээд буй. Шүүх цагдаа дээрээ хүртэл тулаад авсан уг асуудал хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй хэвээр.

 

Автохудалдааны төвүүд нүүхгүй байх нь хэнд ашигтай вэ

 

Нүүнэ нүүхгүй гэх асуудлаар үүдэж, “Нийслэлийн автомашины сэлбэгийн худалдаа эрхлэгч иргэдийн үйлдвэрчний эвлэлийн хороо”, “Авто худалдааны цогцолборт бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо" байгуулагджээ.

 

Тэд эсрэг байр суурьтай байгаа газрууд.

 

Тодруулбал, Да хүрээ зах болон 1000 автомашины зогсоолд худалдаа эрхлэгчид шинээр байгууллагдсан авто худалдааны цогцолбор руу нүүхгүй гэдгээ мэдэгдсэн. “Нийслэлийн автомашины сэлбэгийн худалдаа эрхлэгч иргэдийн үйлдвэрчний эвлэлийн хороо”-ны дарга Ц.Цэндсүрэн, хуулийн зөвлөх Г.Эрдэнэбаяр нар  “Нийслэлийнхэний тооцоо судалгаагүй үрсэн 24 тэрбумыг автомашины бизнес эрхлэгчид нөхөх ёсгүй” гэж үзэж байгаа учир нүүхээс татгалзаж байгаа гэх. Түүнчлэн авто худалдааны цогцолборын  газар зүйн байрлалыг буруу сонгосон. Цэвэрлэх байгууламжын дор, уулын жавар хорогдсон мөнх цэвдэгтэй газар барьсанаас болж  өвөл машин хөлдөх, цасанд дарагдах аюултай. Тус газар хүний эрүүл аюулгүй амьдрах орчин бүрдээгүй, байгаль орчинд сөрөг нөлөөтэй. Мөн замын түгжрэлийг улам ихээр нэмэгдүүлэхээр байгаа учир нь нүүхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.

 

Авто захуудыг хотоос нүүлгэхгүй байх нь сонирхол хэнд байна

 

Гэтэл өчигдөр “Авто худалдааны цогцолборт бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооноос мэдээлэл хийж, автохудалдааны төвүүдийг нүүлгэх нь зүйтэй үүнийг ард түмэн дэмжиж байна гэдгийг дуулгав.

 

Энэ талаар “Авто худалдааны цогцолборт бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-ны тэргүүн П.Бадрал "Улаанбаатар хотын төвд иргэдийн суурьшлын бүсэд байрлах зориулалтын бус зам талбайд худалдаа эрхлэгч авто захуудын үйл ажиллагааг хориглох шийдвэр гарсан ч уг шийдвэрээ мөрдөж ажиллаж чадахгүй байна. Нэг талаас харахад уг цогцолборт 500 гэрээ бүхий 2,000 гаруй иргэн 10 тэрбумын хөрөнгө оруулсан бизнес эрхлэгчид л хүсээд тэмүүлээд шантаачлаад байгаа юм шиг харагдах боловч, авто захуудыг хотоос гаргаж нэг дор төвлөрүүлэх нь зүйтэй гэсэн саналыг хотын иргэд удаа дараа мэдэгдсэн. Авто захуудыг хотоос гаргах нь зөв, буруу талаар урьдчилсан байдлаар тандалт санал асуулга явагдаж, өнөөдрийн дүнгээр 96.2 хувь нь нүүлгэхийг дэмжсэн. Ийм байхад уг ажлыг хурдацтай явуулахгүй байх сонирхол хэнд байна. Танд ямар нэгэн ашиг сонирхол байгаа эсэх талаар 10 тэрбумын хөрөнгө оруулсан бизнес эрхлэгчид эргэлзэж эхэллээ. Манайх шиг зах дунд амьдардаг хот аялал жуулчлал хөгжүүлнэ гэж ярилтгүй нэг бол иргэдээ нүүлгээд маш том худалдааны зах хот болго. Нийслэлийн гэр хороолол дэд бүтэц хариуцсан орлогч П.Баярхүү даргаа та иргэдийнхээ төлөө ажлаа хийгээд өгөөч гуйж байна бас шаардаж байна" гэлээ.

 

Үнэхээр тэд бусдынхаа эрх ашгийг бодож ийнхүү ээлж дараалан мэдээлэл хийж байна уу эсвэл ТББ, хороо, холбооны гэх нэр зүүж, хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийг дээдлэж байна уу гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Ямартай ч холбоо, хороо, ТББ-ын нэр зүүж олон нийтийн тархийг “угаадаг” гачиг тогтолцоог авто худалдаа эрхлэгчид цэцэглүүлж байна.

 

24tsag.mn