Хөлбөмбөг бол асар их мөнгө эргэлддэг спорт. Ялангуяа хөгшин Европ тив эргэлдүүлэх мөнгөнийхөө хэмжээгээр бусдаас хол тасархай. Хэдийгээр хөлбөмбөгийг мөнгөнөөс салгаж ойлгох аргагүй болсон ч сүүлийн жилүүдэд мөнгөний хамаарал арай л ихдээд байх шиг. Мэргэжлийн байгууллагууд нь үүнийг мэдэрч, хазаарлах арга хэмжээ авч байгаа ч үр дүнд хүрэхгүй л байна.

Хаалгач Ж.Пикфорд 30 сая еврогийн үнэ хүрэх нь энгийн үзэгдэл болжээ

2013 оноос хойш багуудын солилцоо наймаанд зарцуулж буй мөнгөн дүн тогтмол өссөөр иржээ. Өнгөрсөн жил Европын топ таван лигийн (Англи, Испани, Итали, Герман, Франц) багууд шинэ тоглогч худалдан авахад 4.2 тэрбум евро зарцуулж, бүх цаг үеийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож байлаа. Энэ үед бүгд л “Хөлбөмбөгт мөнгө хэтэрхий их үүрэг гүйцэтгэх боллоо. Энэ спортын жинхэнэ мөн чанар алдагдаж байна” гэж шүүмжилсэн. Гэтэл ноднингийн үзүүлэлт энэ жилийнхтэй харьцуулахад юу ч биш ажээ.

Хуваарь ёсоор есдүгээр сарын 1-нд Европын хөлбөмбөгийн солилцооны цонх хаагдаж, шинжээчид энэ зун багуудын зарцуулсан мөнгөн дүнг бодож гаргах ажилд ханцуй шамлан оров. Ингээд тооцоод үзтэл дээрх таван лигийн зарлагадсан дүн 5.9 тэрбум болж, огцом нэмэгджээ. Жилийн өмнөхтэй харьцуулахад 41 хувийн өсөлттэй гэсэн үг. Английн “Премьер лиг” урьдын адил хамгийн их мөнгө буюу 1.7 тэрбумыг шинэ тоглогч худалдан авахад зарцуулжээ. Араас нь Италийн “Сери А” 1.1 тэрбум, Францын “Лиг 1” 916 сая, Испанийн “Ла лиг” 684 сая, Германы “Бундеслиг” 671 саяыг цацсан үзүүлэлтээр бичигдэв.

Уг нь Европын хөлбөмбөгийн холбоо солилцоо наймаанд хэтэрхий их мөнгө зарцуулдаг байдлыг таслан зогсоохын тулд санхүүгийн fair play гэгч журам гаргасан. Энэ нь олсноосоо ихийг зарлагадахгүй байх гэсэн ерөнхий утгатай. Гэхдээ ийм журам гаргаад ч том багуудыг хазаарлаж чадсангүй. Учир нь жил ирэх тусам тэдний олох ашиг улам нэмэгдсээр байгаа юм. Багуудын ашиг нэмэгдэхэд телевизийн гэрээний эрх чухал нөлөөтэй байлаа. Английн “Премьер лиг” гэхэд 2015 онд айсуй гурван улирлын тоглолт шууд дамжуулах эрхээ Sky болон ВТ-д 5.1 тэрбум фунт стерлингээр зарсан.

Энэ гэрээнээс орж ирэх мөнгө багуудын санхүүгийн чадавхыг үлэмж бэхжүүлжээ. Нэгэнт их хөрөнгөтэй болсон клубүүд амжилт гаргахын тулд сайн тоглогчдыг мөнгөөр “зодон” авчрах болсон нь зүйн хэрэг. Хөлбөмбөгчдийн үнэ хэрхэн өсөж буйг батлахын тулд цөөн хэдэн баримт сонирхуулъя. 2014 онд “Челси” клуб 21 настай довтлогч Лукакуг “Эвертон”-д 28 сая фунтээр зарсан. Гэтэл энэ зун “Эвертон”-чууд түүнийг “МЮ”-д 75 саяар арилжиж орхив. Гурван жилийн дотор түүний үнэлгээ 168 хувиар өсчээ. Түүнчлэн “Суонси” клуб 2014 онд Г.Сигурдссоныг “Тоттенхэм”-ээс 6.8 саяар авсан бол энэ жил “Эвертон”- д 40 саяын үнэ хүргэн арилжжээ.

“Телевизийн гэрээний үнэ өсөхийн хэрээр клубүүд өмнөхөөсөө их мөнгөтэй болсон. Энэ мөнгөөрөө шинэ тоглогч авах сонирхолтой байна. Английн лиг бол дэлхийд хамгийн шилдэг нь. Лигийн нэр хүнд өсөхийн хэрээр бизнесийн хамтрагч, ивээн тэтгэгчид сонирхох нь гарцаагүй” хэмээн Deloitte’s бизнесийн группийн ахлах зөвлөх Крис Стенсон ярив. Түүнчлэн хөлбөмбөгийн агент Жон Смит “Хаалгач Ж.Пикфорд 30 сая еврогийн үнэ хүрэх нь энгийн үзэгдэл болжээ” хэмээн наймааны галзуурлыг товчхон дүгнэсэн юм.

Хамгийн их мөнгө үрсэн лигийн гуравдугаарт Францын лиг орсныг та анзаарсан байх. Уг нь томчууд дундаа сүүл мушгидаг газар шүү дээ. “Лиг 1” ингэж цойлоход баян арабуудын нөлөө их байлаа. Нассер Аль- Хелаифи гэгч катар бизнесмэн 2011 онд “ПСЖ” багийг худалдан авснаас хойш асар их хөрөнгө оруулалтыг энэ багт хийсэн.

Европын топ таван лигийн багууд солилцоо наймаанд 5.9 тэрбум евро зарцуулжээ

Улмаар энэ зун бразил довтлогч Неймарыг “Барселона”- гаас 222 сая еврогоор худалдан авч, дэлхийн хамгийн үнэтэй наймааг хийсэн юм. Ганц энэ наймаа л Францын лигийг дээш гаргахад нөлөөлжээ. Чухам энэ наймаа хөлбөмбөгийн “хар зах”-ын үнийг огцом хөөргөдсөн гэж болно. Өмнө нь 70-80 саяын наймааг бүгд уулга алдан хүлээж авдаг байсан бол одоо жирийн нэг өсөх ирээдүйтэй залуу 100 сая хүрэх нь энгийн үзэгдэл болох шинжтэй. “Борусси Дортмунд”- ын У.Дембеле 105 сая, “Монако”- гийн К.Мбаппе 180 саяын үнэ хүрсэн нь үүний нотолгоо.

Үнийн галзуурал мэдээж заримд нь ашигтай туссан. Тухайлбал, “Монако”-г нэрлэж болно. Тус баг шинэ тоглогч худалдаж авахад 105 саяыг зарцуулсан бол тамирчнаа зарсан орлого нь 394 саяд хүрэв. Ингэснээр ганц зуны хугацаанд 289 сая еврогийн ашигтай ажилласан тооцоо гарчээ. Мөн Германы “Борусси Дортмунд” 110 сая, Францын “Лион” 72 саяын ашгийг солилцоо наймааны цонхоор оллоо. Тэгвэл “ПСЖ” 343 саяын алдагдалтай явна. Гэхдээ багийн эзэд өнөөдөр зарцуулсан 300 сая ирээдүйд тэрбум болон орж ирнэ гэсэн өөдрөг төсөөлөлтэй явна.

Эцэст нь хэлэхэд мөнгө дагасан үнийн галзуурал зөвхөн энэ зунаар тогтохгүй, энэ бол зөвхөн эхлэл гэдгийг санаарай. Ирэх жилүүдэд тамирчдын солилцоо наймаанд илүү том дүнтэй мөнгө яригдаж, тэр хэрээр чадварлаг хөлбөмбөгчдийн зах зээлийн үнэлгээ өссөөр байх болно гэдгийг мэргэжилтнүүд сануулж байна.

Г.Баярсайхан

Засгийн газрын мэдээ сонин