Замын цагдаагийн албанаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгааг болиулахаар шат дараатай арга хэмжээ авсаар байгаа. Гэвч энэ ажил  нь орон нутагт  хангалттай хэрэгжихгүй байгаа бололтой. Тодруулбал согтуу жолоочийг өөрийг нь зогсоосон цагдааг зодож танхайрч, хэргийг нь шүүхээр шийдвэрлэсэн байна.

Монгол улсын иргэн М.Табигат нь 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 22 цагийн үед Өлгий сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Сувару” маркийн 1899 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон зөрчил гаргажээ. Уг зөрчлийг таслан зогсоож, хууль ёсны шаардлага тавьсан цагдаагийн албан хаагч А.Айболатыг цагдаагийн газарт хүргэх гэж явж байх замд цагдаагийн албаны машин дотор зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байна.

Тиймээс эрүүгийн хэрэг үүсгэн цагдаагийн байгууллагаас шалгаж, хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн байна. Мөрдөн байцаалтын шатанд согтуугаар жолоо барьж, цагдаа зодсон М.Табигат гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргажээ.

Тиймээс шүүхээс Шыбарайгыр жүзик овогт Маулитийн Табигатыг “Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг”-ийг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна.  Гэхдээ ямар нэгэн ял оноогоогүй.  Уг нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг. Гэтэл тухайн хүн  2 700 000- 10 000 000 төгрөгөөр торгуулсангүй.  Хорих ял ч авсангүй.

Бүх нийтээр дагаж мөрдөх, дүрэм журам, хуулийг зөрчиж, дураараа авирлагсдыг цагдаа нь саатуулаад, шүүх толгойг нь  илээд байвал хэн хуулиа дагаж мөрдөх вэ? Шүүхийнхээн...

 

А.Баярмаа