"Иргэдийг орон сууцжуулах үндэсний сан” нэртэй ашгийн бус сан иргэдийг хүүгүй зээлээр орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлнэ хэмээн цахимаар зар тарааж түүнд итгэсэн иргэд мөнгө нийлүүлж эхэлсэн байна.

Гэвч уг сан луйвар хийх гэж байсныг мөн л цахимаар иргэд мэдээлсний дагуу цагдаагийн байгууллагаас шалгажээ.

"Хамгийн түрүүнд бүртгүүлсэн 50 иргэнийг эхний ээлжинд орон сууцанд хамруулна" хэмээснээр хүмүүс бие биеэсээ урьтах гэж Төрийн банкны дансанд хоёр сая төгрөг тушааж эхэлсэн байна. "Иргэдийг орон сууцжуулах үндэсний сан”-г хууль хяналтын байгууллагаас шалгасны үр дүнд тус сангийнхан иргэдээс төвлөрүүлсэн мөнгөө иргэдэд буцаан өгч байна. Цахим залилангийн гэмт хэрэг ихэссэн үед ийнхүү иргэдийг луйвардуулахаас хамгаалж чадлаа. 

 

Цаг үе ороо бусгаа, улс орны эдийн засаг савлагаатай байгаа энэ үед иргэдийн итгэл үнэмшил, хүсэл сонирхол дээр тулгуурлан ашиг олох гэсэн бүлэглэлийн үйл ажиллагаа гаарсаар байгаагийн нэг жишээ энэ юм. Тэгэхээр иргэн бүр л уг асуудалд анхаарал болгоомжтой хандаж байхыг санах хэрэгтэй. Ер нь үнэгүй бяслаг хулганы хавханд л байдаг гэдгийг мартаж болохгүй.