Зураг харагдах эмэгтэй бол Иран улсын иргэн, 4 хүүхдийн эх Сораяа Манутчери гэх эгэл жирийн гэрийн эзэгтэй, сайн ээж, халамжтай эхнэр, шашиндаа үнэнч эмэгтэй юм. Бусдын хүчинд автаж газарт булагдаж байгаа дүр төрх нь буусан энэ гэрэл зураг амьд ахуйнх сүүлчийн хар бараан мөчийг нь гэрчилж, түүний бусармаг, дэндүү хэрцгий үхлийг түүх болон үлдээжээ. Исламын шашны цаазын ял буюу чулуудаж алах ялаар яагаад энэ эмэгтэй шийтгүүлсэн тухай түүхийг өгүүлэхийн өмнө Иран улсад исламын шашны хатуу ёс дэг үйлчилдэг, эмэгтэйчүүдийн эрх боогдмол байдаг мөн хуулийн дагуу шүүх тогтолцоо Исламын хувьсгалын дараах Иран улсын хөдөө нутагт тогтоогүй дээрээ шашныг нэгдүгээрт тавьж байсан гэдгийг хэлэх ёстой байх. Сорояа эр нөхөртөө 2 хүү, 2 охин төрүүлж өгсөн ч нөхөр нь 35 нас хүрсэн эхнэрээсээ салж, 14 настай охинтой суухаар шийдсэнээс болж бүх хэрэг манджээ. Нөхөр нь хоёр хүүгээ өөр дээрээ авч, 2 охиноо Сораяад өгч, хангалттай мөнгөн дэмжлэг үзүүлнэ гэж амалсан ч Сораяа татгалзсан байна. Ингээд Исламын шашны мулла буюу манайхаар бол тухайн тосгоны ламд Сораяагийн нөхөр бүх учир байдлыг хэлж, бүсгүйг саналаараа гэр бүл цуцлуулах талаас нь хатгаж өгөхийг шаардсан байна. Тосгоны мулла өмнө нь хэрэг хийж явсан этгээд Исламын хувьсгалын дараа нэг жижиг тосгон олж, эрх мэдэлтэй шашны тэргүүн болж суусан нэгэн байсан болохоор Сораяагийн нөхрөөс хахууль маягийн юм авч бүсгүйг байнга дагаж мөшгин гэр бүлээ цуцлахыг шаардах болжээ. Ингээд хоёр гэр бүл зэрэг тэжээх эсвэл Сораяагийн инжийг буцааж өгөхөөс татгалзсан нөхөр нь муллатай нэгдэн үгсэн хуйвалдсан хуйвалдаанд бүдрэлгүй гэр бүлийн ариун ёсоо үнэнчээр дагасан Сораяа бүсгүйг эр нөхрөөсөө өөр хүнтэй завхайрсан гэх цуу яриаг тосгон даяар дэгдээж, түүнийг гэр бүлээс гадуурх садар самуун үйлдсэн гэх хэрэгт хилсээр буруутгаж, муллагийн шийдсэнээр чулуудаж алах ял шийтгэсэн байдаг. Чулуудаж алах ялыг гүйцэтгэхдээ хэрэгтэн гэх хүний хоёр гарыг ард нь чанга гэгч нь хүлж, цээжин биеийг нь ил үлдэх байдлаар газарт булах бөгөөд ингээд нутгийн эрчүүд урьдчилан ачиж авчирсан чулуугаар амь тасартал нь нүүлгэж алдаг дэндүү хэрцгий аллага цаазын нэг хэлбэр юм. 1986 онд Ираны бөглүү тосгонд өрнөсөн энэ үйл явдал хэний ч чихэнд хүрэлгүй өнгөрөх байсан ч нутгаар дайрч өнгөрч байсан Францын сэтгүүлч Фрэйдоун Сахебжамд Сораяагийн нагац эгч болсон үйл явдлыг ам мөлтөс ярьж амжсан нь хожмоо 1990 онд La Femme Lapidée буюу Чулуудуулж үхсэн эмэгтэй гэх зохиол болон хэвлэгдэж дэлхий нийт Сораяагийн хилс үхэл болон орчин цагийн Иранд өнөөдрийг хүртэл оршдог шүүх тогтолцоогоор дамжилгүй нутгийн иргэд дур мэдэн шийтгэдэг чулуудаж алах ялын талаар мэджээ. Улмаар энэ үйл явдлаас сэдэвлэсэн The Stoning of Soraya M гэх кино 2008 онд Торонтогийн кино наадам дээр нээлтээ хийсэн ч Иран улсад киног гаргахыг хоригложээ.