Эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүд цалин хөлсөө нэмэгдүүлэхийг шаардан яг одоо Ялалтын талбайд цуглаан зохион байгуулж байна. Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхийг шаардсан уг жагсаал цуглаанд оролцогчид Сүхбаатарын талбай хүртэл жагсах гэнэ.

Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Б.Мягмар  хэлэхдээ “Эмч эмнэлгийн ажилтнуудын нэг жилийн цалинд зориулан төрөөс 300 тэрбум төгрөг төсөвлөдөг. Эмч нарын шаардлагын дагуу цалинг 50 хувиар нэмэгдүүлбэл  төсвөөс нэмж 155 тэрбум төгрөг шаардагдах бөгөөд энэ нэмэгдлийг ирэх оны төсөвт суулгаж өгөхийг хүсч байна.

Эмч нарын гаргасан шаардлагын дагуу  өмнө нь Сүрьеэгийн эмч нарын үндсэн цалинг 30 хувиар нэмсэн. Гэвч Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн эмч, эмнэлгийн ажилтны цалинг 2019 он хүртэл нэмэх боломжгүй гэсэн  тул 21 аймгийн эмч, эмнэлгийн ажилчид цалингаа нэмүүлэхээр тэмцлийн дараагийн хэлбэрт орж байна” гэлээ.

Эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдийн цалинг хэрвээ нэмэхгүй бол энэ сарын 23-нд ажил хаях юм байна.