2017 оны 9-р сарын 10-ны өдөр Завхан аймгийн Их уул сумын солонготой даваа гэдэг газар химийн бодис тээвэрлэж явсан тээврийн хэрэгсэл осолдсон. Ослын улмаас нэг хүн нас барж, 7.6 тонн химийн бодис асгарчээ.

Осолдсон тээврийн хэрэгсэл Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Баян айраг эксплорешн” хэмээх компанийн уурхайд шаардлагатай зүйлсийг ачиж явсан. Ослын улмаас нэг хүн нас барж нэг хүн хүнд бэртэл авсан байна. Ослын шалтгааныг цагдаагийн алба хаагчид шалгаж байна.

Тухайн тээврийн хэрэгсэл их хэмжээний химийн бодис тээвэрлэж явсан. Тодруулбал, ачиж явсан 1600 литр  азотын хүчин, 6 тонн давсны хүчил байгальд асгарсан. Уртаашаа 450 метр, өргөөшөө 1-1,5 метр талбайд асгарчээ.

Азотын хүчил нь түлэмтгий шинж чанартай. Уур нь амьсгалын замын эрхтнүүдийг ноцтойгоор гэмтээж уушиг үрэвсэх ба ус хуримтлагдаж үхлийн аюулд ч хүргэж болдог. Осолдсон машин хорт бодисыг зориулалтын бусаар байдлаар тээвэрлэж байсан гэх урьдчилсан дүгнэлт гараад байна.

Одоогоор тухайн химийн бодисын хорыг саармагжуулах ажил  бөгөөд уг газарт байдал ийм байна.  

Нэг компанийн буруутай үйл ажиллагааны улмаас өнөөдөр Солонготын давааны хөрсийг нь хуулаад байна.  Уг компанид ямар хариуцлага тооцохыг  эх сурвалжаас тодруулахад: Тухайн газарт МХЕГ, ОБЕГ, БОАЖЯ-ны хамтарсан ажлын хэсэг гарч ажилласан.  Ажлын хэсгийн дүгнэлт даваа гарагт гарсан. Харин цагдаагийн байгууллагаас гаргах дүгнэлт одоогоор гараагүй байна. Тийм болохоор ямар арга хэмжээ авах вэ гэдгээсээ урьтаад цагдаагийн дүгнэлтийг харна.  Гэхдээ ААН-д  захиргааны арга хэмжээ авагдах болно.  Мөн байгаль орчинд учируулсан хохирлыг нь мэргэжлийн байгууллага үнэлж тооцон нөхөн сэргээлт хийлгэх болно гэдгийг хэлсэн.

Хариуцлага алдсан “Баян айраг эксплорешн” хэмээх компани өмнө нь химийн бодис асгасан асуудал гаргаж байсан. Асгарсан бодисоос болж 1000 гаруй шувуу үхсэн байдаг. Гэвч энэ асуудал намжаад өнгөрсөн. Харин одоо дахин ийм асуудал үүссэн. Нутгийн удирдлагууд хариуцлага тооцож чаддаггүй, тус компанид хариуцлага тооцож хүчирдэггүй гэх мэдээллийг нутгийн иргэд өгч байна. Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутгийн зөвлөлөөс нутгийн удирдлагууд хэргийг нууж байгаа талаар олон нийтийн сүлжээнд мэдэгдэл гаргаж байсан удаатай.  

Солонготын давааг “Баян айраг эксплорешн”  ХХК нөхөн сэргээнэ гэж байгаа.  Уг компани хэрхэн нөхөн сэргээсэн талаар, тухайн байгууллагад ямар арга хэмжээ авах талаар бид эргэж мэдээлэх болно.