Бусдын цахим хаягийн нэр нууц дугаарыг хууль бусаар олж аван бусдаас мөнгө зээлэх гэмт хэрэг гарч эхэллээ. Одоогийн байдлаар ойролцоогоор 20 сая төгрөгийн хохиролтой хэд хэдэн гэмт хэргийг шалгаж байна.

Бусдын фэйсбүүк хаягийг ашиглан танил, найз нөхдөөс нь мөнгө зээлдэг гэмт үйлдлүүд бүртгэгдсээр байна. Одоогоор цагдаагийн байгууллагад 6 хүн ийм байдлаар залилуулсан гэж гомдол гаргажээ.

Фэйсбүүк хаягийг нь ашиглан тухайн хүний өмнөөс мөнгө зээлсэн тохиолдлуудад 20-700 мянган төгрөгийг шилжүүлчихсэн хэргүүд гарсаар байгаа. Тиймээс хэн нэгэн цахим орчноор мөнгө зээлэхийг хүсвэл утсаар холбогдох эсвэл биечлэн уулзаж байж асуудлыг шийдэх хэрэгтэйг санууллаа. Үгүй бол цахим хаягийн цаана хэн ч байж болно гэдгийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Фейсбүүк хуудсанд олон сонирхолтой мэдээллүүд бий. Сонирхолтой гарчигтай мэдээллүүд, эсвэл та хэзээ гэрлэх вэ, та хэдэн хүүхэдтэй болох вэ гэх мэтээр сонжоо, зурхай маягийн мэдээллүүд тавигдсан байдаг. Тухайн мэдээлэлд хандахад өөр сайт руу дамжин орж байгаа нь фишинг сайт буюу хортой программ руу хандаж байх эрсдэлтэй. Тухайн сайт руу хандалт хийснээр автоматаар таны фейсбүүкийн хаяг нууц дугаарыг хуулж авч байх магадлал өндөр байдаг. Ингэснээр таны цахим хаягт агуулагдаж байгаа нууц мэдээллүүд тухайн хүний гарт очих эрсдэл үүсч байгаа юм.

Ийм сайт, хортой программд хандсанаар бусдад фэйсбүүкийн хаяг, нууц дугаараа алдаж улмаар цахим хаягийг нь ашиглан бусдаас мөнгө зээлж байна.  Гадаад хэлний өндөр мэдлэгтэй л бол бусдын нууц дугаарыг олж авдаг хортой програмуудыг хямдхан худалдаад авчих боломжтой болсон. Тиймээс иргэд фэйсбүүкээр дамжуулан элдэв сайт, апликейшнд хандалт хийхгүй байх хэрэгтэй. Мөн цахим хаягынхаа нууц дугаарыг ядаж хоёр долоо хоног тутамд өөрчилж байхыг цагдаагийн газраас анхааруулж байна.