Талийгаач С.Чулуунхүү

С.ЧУЛУУНБАТ: Н.НОМТОЙБАЯР САЙДЫН ОЙРТОЙРНЫ ХҮМҮҮС ХУДЛАА ЯРЬСНААС БОЛЖ АХТАЙГАА УУЛЗАЖ ЧАДСАНГҮЙ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Номтойбаярын машинд мөргүүлсэн С.Чулуунхүү харамсалтайгаар амь насаа алдсан билээ. Хэргийн газарт Булган аймгийн Замын цагдаа, Прокурорын газар, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн алба хаагчид ажиллажээ. Хэргийн газарт хийсэн шинжээчдийн дүгнэлт одоогоор гараагүй байна. Талийгаач С.Чулуунхүүтэй сүүлийн хоёр жил гаруй хугацаанд хамт амьдарсан Г.Хуягбаатар, эхнэр н.Заяа нартай уулзлаа. Тэд “Талийгаач С.Чулуунхүү хүнд ямар ч гэм хоргүй хүн байсан. Манай нутгийн олон айлд тус хүргэж байсан ачтан байгаа юм.

Айл саахалтынхныхаа хонь, ямааг хариулж өгдөг. Өвс хадлан бэлтгэхэд нь тус дэм болдог. Уг нь эгч дүү тавуулаа юм билээ. Гэхдээ ар гэрийнхэндээ гай болохгүй гээд манай энэ хавийн айлуудаар хоноод яваад байдаг байсан. Тогтсон амьдрал, гэр орон, эхнэр хүүхэд байгаагүй. Манайд сүүлийн хоёр жил гаруй хугацаанд амьдарсан. “Та гэртээ харихгүй юм уу. Дүү чинь таныг гэртээ авчрах гээд эрээд явсан гэх юм” гэхээр юм хэлэхгүй дуугүй суугаад байдаг байсан. Манайд амьдарч байх хугацаандаа нэг ч удаа ямар нэгэн муухай авир гаргаж байгаагүй. Бид ч хэдэн төгрөг илүүчилж, цалин хөлс өгдөг байсан. Эгч дээрээ сүүлийн хоёр жил очсонгүй. Гэхдээ “Энэ жил эгч, дүү нараа бараадаад Эрдэнэт хот орж дулаан газар өвөлждөг юм билүү” гэж бидэнд ярьж байсан. Хэрэг гардаг өдрийн өглөө жаахан халамцуухан явсан. Тэгэхдээ ухаан мэдрэлээ алдах хүртлээ согтуу байгаагүй. Хурдтай ирж байгаа машины урдуур амжиж орох гэж яваад л мөргүүлчих шиг боллоо. Даанч харамсалтай зүйл боллоо. Сайд нь байна уу, жолооч нь байна уу хамаагүй. Бидний зүгээс хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөөсэй гэж хүсч байна. Хүний амь шүү дээ” гэв.

Талийгаач С.Чулуунхүүгийн унаж явсан мотоцикль ийм болжээ

 

С.ЧУЛУУНХҮҮГИЙН ГОЛ СУДАС ТАСАРСНААС БОЛЖ ДОТУУР ЦУСАЛДАН АМИА АЛДЖЭЭ

Бид Хутаг-Өндөр сумын “Дондогийн булаг” буюу хэрэг гарсан газраас Булган аймгийн төв рүү хөдөллөө.Талийгаач С.Чулуунхүү тус аймгийн нэгдсэн эмнэлэгт нэг хоноод амиа алдсан юм. Тиймээс Булган аймгийн цагдаагийн хэлтэст түүнд хамаарах хэргийг шалгаж байгаа. Биднийг Булган аймгийн төв орох үед нутгийн иргэд “Н.Номтойбаяр сайд мэдээлэл хийж байна. Бүр дайрч амь насыг нь хөнөөсөн хүнээ гэр оронгүй архичин, гуйлгачин байсан гэнэ. Жолооны үнэмлэх байхгүй ч гэх шиг зүйл яриад байна. Хэзээ байтлаа мотоцикль жолоодох эрх бүхий үнэмлэх манай улсад байсан юм. Үхсэн хүн үг хэлж чадахгүй гээд нас барсан хүнийг доромжилж байгаа юм байх даа. Нийгмийн хамгааллын сайд хүн иргэнээ ингэж доромжилж, дорд үзэх гэж дээ” хэмээн уурлаж, дургүйцлээ илэрхийлж байв.Түүнчлэн “Машинаа өөрөө жолоодож явсан байж өөр хүнд хэргийг үүрүүлэх гэж байна” гэх яриа ч гарсан байв.

Талийгаач 2017 оны есдүгээр сарын 28-ны 16:00 цагийн орчимд Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн иржээ. С.Чулуунхүү эмнэлэгт ирэхдээ хагас ухаан алдсан байдалтай байсан гэдгийг тус эмнэлгийн яаралтай хүлээн авах тасгийн эмч нар хэлж байв. Тэрбээр машинд хүчтэй мөргүүлсний улмаас эгэм, баруун гарын шууны яс нь хугарсан байжээ. Анхан шатны үзлэгээр талийгаач хэвлийдээ дотуур цус алдаад байгаа шинж тэмдэг илэрсэн байна. Аймгийн эмч нар яг хаанаа гэмтэл авч, аль хэсгээрээ цус алдаад байгааг тогтоож чадаагүй байна. Тус эмнэлэгт рентген аппарат, эхо аппаратнаас өөр сүүлийн үеийн тоног төхөөрөмж байхгүй гэнэ. Хэрэв компьютер оношлогоо, томографик зэрэг тоног төхөөрөмж байсан бол бүрэн оношлогоо хийлгэх боломжтой байжээ. Ингээд аймгийн эмч нар яаралтай мэс засалд орж, хэвлийг нь нээсэн байна. Мэс засал хийхдээ эмч нар ар гэрийнхнээс нь заавал зөвшөөрөл авч, гарын үсэг зуруулах ёстой байдаг. Гэвч талийгаачийн ар гэрийнхнийг хөдөөнөөс дуудаж ирээд мэс засал хийх зөвшөөрөл авах гэсээр байтал цаг хугацаа алдах учраас яаралтайгаар мэс засалд оруулжээ.

Энэ талаар тус эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Ц.Энхмаагаас цөөн асуултад хариулт авсан юм.

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч н.номтойбаярын машинд мөргүүлсэн С.Чулуунхүүгийн амь насыг аврах боломж байгаагүй юм уу?

-Манай эмнэлгийнхэн талийгаач С.Чулуунхүүд шаардлагатай бүх эмчилгээг хийсэн. Манай эмнэлэгт хүргэгдэж ирэхдээ их хүнд бэртэл гэмтэл авсан байсан. Аарцагны яс нь хугарснаас болж гол судас нь тасарсан. Гол судас тасарснаас болж дотуур цус алдаж харамсалтайгаар амь насаа алдсан. Манай эмнэлэг хоёрдугаар шатлалын эмнэлэг. Бид мэс засал хийж, эрчимт эмчилгээний яаралтай эмчилгээг цаг алдалгүй хийсэн. Төвийн хойд бүсийн нэгдсэн төв буюу Орхон аймгийн эмч нарын багийг дуудаж, ажиллуулсан. Талийгаач нэлээд хэмжээгээр согтууруулах ундаа уусан байсан. Бид гурван цаг гаруй мэс ажилбар хийсэн. Ингээд биеийн байдал нь тогтворжиж, хэвийн болсон. Зүрх судас болон даралт, пульс нь хэвийн цохилж эхэлсэн. Бид хоёр ээлжээр сувилагч гаргаж, талийгаачийг байнга хяналтдаа байлгасан. Ингээд маргааш нь биеийн байдал тогтвортой болж ухаан орж, эмч сувилагч нартай ярьж байсан. Гэхдээ нарийвчилсан шинжилгээг бүрэн өгөх шаардлагатай байсан нь мэдээж. Ингээд гуравдугаар шатлалын эмнэлэг рүү буюу Эрдэнэт хот руу явуулахаар болсон юм. Талийгаачийг эмнэлгийн үүдний түргэн тусламжийн машин руу оруулах үед даралт нь унаж, зүрхний хэм алдаж эхэлсэн. Ингээд буцааж оруулаад аппаратанд шууд залгасан. Харамсалтай нь тусламж авч чадалгүй амьсгал хураасан. Энд нэг зүйлийг онцолж хэлмээр байгаа юм. Бид сайд ч бай, жирийн иргэн ч бай ялгалгүй эрдэнэт хүний амь аврахын төлөө л хоёргүй сэтгэлээр зүтгэдэг. Гэхдээ тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл байхгүйн зовлон их байна. Бид өөрсдийн олон жилийн туршлага, мэдрэмжээр оношлогоо хийж байна шүү дээ. Хэдий болтол иймэрхүү байдалтай байхыг мэдэхгүй. Хэрэв компьютер оношлогоо, томографикийн эмнэлгийн тоног төхөөрөмж байсан бол өөр асуудал.

-Талийгаачийн ар гэрийнхэн биднээс мэс засал хийх зөвшөөрөл авалгүй шууд мэс засал хийсэн гээд гомдолтой байна гэсэн. энэ талаар та бүхэнд хэлсэн үү?

-Бид цаг хугацаатай уралдаж, хүний амь нас аварч үлдэх гэж ажилладаг гэдгээ дээр хэлсэн шүү дээ. Бид ар гэрийнхэнд нь нөхцөл байдлын талаар бүгдийг хэлж ойлгуулсан.

-Компьютер оношлогоо, томографикийн тоног төхөөрөмж байхгүй гэдгийг эрүүл мэндийн яам, холбогдох газрууд мэдэж байгаа юу?

-Мэдэж байгаа. Бид компьютер оношлогоо, томографикийн аппарат шаардлагатай гэдгээ байнга хэлдэг. Сүүлийн жилүүдэд зам тээврийн осол маш их гарч байна. Бид 400 гаруй километр газарт эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна гэв.

ОСОЛ ГАРГАСАН "ЖИ КЛАСС" МАРКИЙН ЖИЙПИЙГ ХЭН БАРЬЖ ЯВСАН НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА

Бид хэргийг шалгаж байгаа цагдаа нартай уулзаж мэдээлэл авах гэсэн боловч “Прокурор зөвшөөрөл өгөөгүй учир ямар нэгэн мэдээлэл өгөх боломж алга байна” гэв. Харин албаны эх сурвалжаас дээрх хэрэгтэй холбоотой хэд хэдэн ноцтой мэдээлэл авсан юм. Тэрбээр “Цагдаа нар ослын газарт дарга нартайгаа очсон байна лээ. Аймгийн прокурорын дарга нь хүртэл алба хаагчдаа ахалж очсон байсан. Жирийн нэг осол гарсан бол хууль хүчний дарга нар ингэж сүр дуулиантай ирэхгүй нь тодорхой. Сайд даргатай холбоотой болохоор хөл алдаж байгаа юм. Мэдээж үүний цаана хэргийг үнэн зөв шийдэх үү гэсэн эргэлзээ гол асуудал болж байгаа. Мөн хэргийн газарт үзлэг хийсэн шинжээчид сайдын машинд үзлэг хийгээгүй юм шиг байна лээ. Осол гаргасан 70-77 гэсэн улсын дугаартай "Жи Класс" маркийн жийп нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын нэр дээр байдаг гэсэн. Уг нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар осол гаргасан машиныг заавал журмын хашаанд саатуулж, лацдаж байгаад шинжилгээ хийдэг. Машины хүрдэн дээрээс осол гарах үед хэн жолоодож явсан бэ гэдгийг тогтоохын тулд заавал хурууны хээ авдаг. Гэтэл хэргийг шалгаж байгаа цагдаа, хянаж байгаа прокурор энэ шинжилгээг хийлгүй явуулчихсан гэсэн. Н.Номтойбаяр сайдын машины урд талын хөндлөн төмөр хэдхэн сантиметр ханзарч, нүүрний хэсгийн гоёл цөмөрсөн байсан. Тэр зургийг нь авчихаад явуулсан байна лээ. Тэгсэн хэрнээ талийгаачийн мотоциклийг аваачаад журмын хашаандаа хийчихсэн байгаа юм. Үүнийгээ аймгийн цагдаа, прокурор “Осол гаргасан 70-77 гэсэн улсын дугаартай "Жи Класс" маркийн жийп нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын нэр дээр байдаг. УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхээр машиныг нь саатуулж, журмын хашаанд хийж болохгүй. Хууль зөрчсөн асуудал болно” гээд явуулчихсан байдаг. Хүний амь нас хохирчихоод байхад УИХ-ын гишүүний эрх дарх хэнд хамаатай юм бэ. Энэ бүгдээс болж машиныг сайд Н.Номтойбаяр барьж явсан уу, жолооч залуу барьж явсан уу гэдэг нь тодорхойгүй байгаа юм. Хуулиндаа УИХ-ын гишүүн авлига авсан, хүн амины хэрэгт холбогдсон бол шууд цагдан хорьдог. Гэтэл Булганы цагдаа, прокурор сайдаас айгаад шууд явуулчихсан байна лээ. Талийгаачийг урсгал сөрж, замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчсөн гэж хэмжилтээр гарч ирсэн гэж манай цагдаа нар ярьж байна лээ” гэв. Булган аймгийн цагдаагийн хэлтэс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Номтойбаярын жолоочид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Мөн Н.Номтойбаяраас гэрчийн мэдүүлэг авсан гэдгийг эх сурвалж онцолж байлаа.

Бид Булган аймгийн замын цагдаагийн харьяа журмын хашаа орсон юм. Осол гаргасан машин хашаагаар нь дүүрэн байв. Талийгаач С.Чулуунхүү ганц хөрөнгөтэй байсан нь “Мустанг 5” гэх мотоцикль. Бид журмын хашаанд байх мотоциклийн сэг дээр очсон юм. Хөндлөнгөөр нь харуулаад хэвтүүлсэн байв. Моторноос бусад бүх эд анги нь эвдэрчээ. Урд тэнхлэг хэсгээрээ хойшоо цөмөрч, дугуйны обуд нь хагарчээ. Гар, их гэрэл, хянах самбар нь юу ч үгүй болтлоо хагарсан байна. Шатахууны банк нь тэр чигтээ чихэгдэж базсан цаас шиг болжээ. Суудал нь дундуураа хугарч, хойд дугуйны хайлшин обуд ч хагарсан байлаа.

“Н.НОМТОЙБАЯР САЙДЫН ХИЙСЭН МЭДЭГДЛИЙГ ҮЗСЭН. ЯДАРСАН БОРЧУУД БИДНИЙГЭЭ ИХ МУУХАЙГААР ХЭЛЖ БАЙНА ЛЭЭ”

Талийгаач С.Чулуунхүүг энэ сарын 4-нд хөдөөлүүлж, буяны ажлыг нь хийжээ. Эрдэнэт хотод ар гэрийнхэн нь байна гэх мэдээлэл ирсэн учир бид Булган аймгаас Орхон аймгийг зорьсон юм. Орхон аймгийн Шанд багт байх талийгаачийн эгч С.Чулуунцэцэгтэй уулзлаа.

Тэрбээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр ямар нэгэн мэдээлэл өгөхгүй гэсэн юм. Харин дүү С.Чулуунбат цөөн асуултад хариулт авлаа.


-Талийгаач С.Чулуунхүү осолд орсон гэдгийг анх хэзээ мэдсэн бэ?

-Ахыгаа харамсалтайгаар алдчихаад сууж байна даа. Миний зулай дээр гишгэж төрсөн ганц ах минь юм шүү дээ. Хамгийн сүүлд ахтайгаа уулзахад “Айлын хадлан бэлдэж өгчихөөд очно. Хэдэн төгрөг олчихвол надад хэрэгтэй. Би яах вэ, та нартаа гай болохгүй энд амьдарч болоод байна. Нутгийнхан тусалж дэмжээд болж л байна” гэж ярьж байсан даа. Ах минь надаас хоёр ах. Бид тэрсхэн өссөн болохоор их ойр байдаг байлаа. Есдүгээр сарын 28-ны орой аймгийн цагдаагаас холбогдож “Ах чинь осолд орсон байна. Цагдаагийн газарт яаралтай ир” гэсэн. Бидэнд гэхдээ “Гарынх нь яс хугарсан. Биеийнх нь байдал зүгээр байгаа” гэж хэлсэн. Би ч тэр үгэнд нь итгээд тайвшраад гэртээ хоносон. Маргааш нь эмнэлэгт очиход ухаангүй, аль хэдийнэ мэс засалд оруулчихсан байсан. Н.Номтойбаярын хүмүүс бидэнд “Биеийнх нь байдал сайн байгаа” гэж худлаа хэлээгүй байсан бол би ахыгаа ухаан ороход нь уулзчих боломж байсан. Даанч худлаа ярьснаас болоод ахтайгаа уулзаж чадалгүй алдчихлаа. Бид худлаа ярьсанд нь үнэхээр их гомдолтой байгаа.

-Ослын талаар сонссон уу. Талийгаачийг согтуу байсан гэж яригдаад байгаа?

-Миний ах уух нь уучихдаг байсан нь үнэн. Гэхдээ ухаанаа алдтал ууж байгаагүй. Осол гардаг өдөр пиво уусан гэж хүмүүс ярьж байна лээ. Тэгэхээр согтоогүй байсан гэсэн үг. Би ослын хажууд байгаагүй болохоор хэнийх нь буруу вэ гэдгийг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ ах минь төрийн сайдын машинд дайруулаад амь насаа алдчихлаа шүү дээ. Хэргийг Булган аймгийн цагдаа, прокурор үнэн зөв шийдэж өгнө гэдэгт итгэж байна. Н.Номтойбаяр сайдын хийсэн мэдэгдлийг үзсэн. Ядарсан борчууд биднийгээ их муухайгаар хэлж байна лээ. Төрийн сайд хүн жирийн иргэнээ тэгж доромжилж болохгүй л дээ. Ахыг минь үг хэлж чадахгүй гэж бодож байгаа бол ах, дүүс нь амьд сэрүүн байгаа шүү гэж хэлье.