“Дөнгөж танилцаад л бие биедээ таалагдаж, тэр залуутай удаан яриа өрнүүлж гэртээ хүргүүлээд догдолж баярлаж одоо л бүтэх нь гэж дуу алдах шахаад л салсан. Гэхдээ маргааш нь тэр надруу залгаагүй. Бас бид хоёр гудамжинд таарсан мөртлөө үг ч дуугаралгүй зөрж өнгөрсөн. Яагаад? Залуу минь чи яагаад таг болсон юм бэ?”

Энэ удаа эрчүүд маань шинэхэн харилцаанаас дутаан, нэг удаа болзсон эсвэл дурлаж байсан бүсгүйтэйгээ эргэн холбогдолгүй яагаад “таг” болсон талаараа өчсөн юм.

1. Би эхнэртэй хүн (28 настай Б)

Нэг тийм зүйл ч болсон шүү. Дөрвөн жилийн өмнө найзынхаа төрсөн өдөр дээр танилцсан нэг бүсгүйн утасны дугаарыг аваад залгаж уулзахаар өдөр товлосон юм. Би чинь өдөржин догдлоод л гангалаад л ажил дээрээс гарах гэж байтал эхнэрээс “Хань нь дуртай хоолыг чинь хийчихлээ эртхэн ирээрэй” гэсэн мессэж ирсэн. Тэгээд л толгой дотор бурхан чөтгөр хоёр ноцолдож байгаа юм чинь. Гэхдээ би амьдралаа сонгосон л доо. Тэр хүүхэн миний утас руу арав хорин удаа залгасан ч авч чадаагүй. Эхнэртэйгээ орон дотроо завгүй байсан байхгүй юу хэ хэ хэ Тэгээд л харилцаа таг болсон. Одоо тэр эмэгтэйгээс уучлалт гуймаар санагдчихлаа. Би эхнэртэй хүн. Намайг уучлаарай.

2. Уулзаад хурдхан салахын түүс (25 настай А)

Тэр үед ганц бие байсан юм даг. Багын найз минь “Танилц, хөөрхөн охин бий” гээд нэг дугаар өгөв. Хэд хоног мессежээр харьцаж байгаад уулзсан юм. Үнэнийг хэлэхэд биеэ их муухай авч явдаг охин байсан л даа. Нэг тийм орчноо мэдэрдэггүй гэх үү дээ. Мессежээр харьцаж байснаас тэс бүдүүлэг үг хэллэг ихтэй ярьдаг. Бас олон нийт дунд биеэ авч явахдаа маруухан. Тэгээд нэг уулзаад дахиж уулзаагүй. Гудамжинд явж байхдаа шүлсээ хаяна, хараал урсгана, +18 сэдвийн юмыг жишим ч үгүй ярина. Тэгээд аймар чанга хашгичиж инээнэ. Бурхан минь. Уулзаад хурдхан салахын түүс л болсон болохоор юу ч хэлэлгүй таг болсон нь дээр гэж бодоод орхисон доо.

3. Өөр л хүнийг хайдаг бололтой (31 настай О)

Өө тийм юм их болж байсаан. Нэг удаа намайг чухам их хайрладаг бүсгүйг орхиод би бүтэн 3 сар холбоо барилгүй алга болсон. Мөн ч их хайсан сурагтай байдаг юм. Гурван сарын дараа би тэр бүсгүй нэг залуутай хөтлөлцөөд явж байхаар нь мэндлээд өнгөрсөн. Тэр үед надад их л дургүй нь хүрсэн янзтай муухай хараад өнгөрч билээ. Аргагүй миний буруу л даа. Гэхдээ бид хоёр уулзаж байх үед өөр хүнийг, ухаангүй болтлоо дурлах тийм эмэгтэйг л хайгаад байснаа ойлгосон. Тэгэхээр таг болсон шалтгаан нь би ердөө л иүүнд хайргүй байсан юм. Эрэгтэй эмэгтэй хүмүүс өөр гэдэг нь яах аргагүй үнэн. Эрэгтэй хүн “биш” гэж бодох л юм бол маш хурдан харилцаагаа тасалдаг. Харин эмэгтэй хүн бодоод л, шаналаад л, хүлээгээд л байдаг. Тэгсэн нөгөө эрчүүд нь аль хэдийн хайлтын ажилдаа орчихсон явж байгаа юм чинь. Би бол одоо ч хайсаар л байна.

4. Гэрлэхээ шахсан (24 настай С)

Ёстой сонирхолтой. Зүгээр л нэг шөнийг хамтдаа өнгөрүүлэхээр болсон. Аль аль нь л хүсээд ийм зүйл хийж байгаа гэж бодсон чинь бараг л хуримаа хийхээр болоод салсан юм. Тэгээд л маргаашнаас нь эхлээд таг болчихсон. Хамгаалалт хэрэглэсэн учраас тэгтлээ санаа зовоо ч үгүй. Гэхдээ танилцаад л нэг оронд орсон огт танихгүй шахуу эмэгтэйг би эхнэрээ болгохгүй нь тодорхой шүү дээ. Гэтэл тийм зүйл дээр надад уурлаад намайг хараах ямар хэрэг байна вэ? Нэгт тэр эмэгтэй өөрөө намайг маш их хүсч байна гэж хэлсэн. Хоёрт бас өөрөө л эхний алхмаа хийж намайг эргүүлсэн. Тэгсэн хэрнээ би сүүлд нь шалиг амьтан болж байгаа байхгүй юу.

5. Зориг бас дутна л даа (35 настай Л)

Уг нь би их азтай хүн. Харж явдаг байсан бүсгүй маань өөрөө анх надтай яриа өдөж би эр зориг гарган болзоонд урьсан юм. Одоо бодоход тэр үед үнэхээр л залуу бас аймхай байсан юм шиг санагддаг. Тэр бүсгүйтэй уулзаад хэд хоноод л дотно харилцаатай болж гэрт нь очиж аав ээжтэй нь хүртэл танилцаж байлаа. Тэгсэн удахгүй тэр эмэгтэй маань гадагшаа явна гэсэн яриа өрнөөд л би холбоогоо таслаад чимээгүй болчихсон. Гадагшаа ч тэр бүсгүй яваад өгсөн. Харин одоо бодоход би их зориггүй нэгэн байж. Уг нь хүлээж байсан бол намайг хайгаад ирэх л байсан юм билээ. Тэгсэн би гэдэг хүн аль хэдийн өөр бүсгүйтэй суучихсан байж байсан даа. Ууртай, шартай байсан болохоор тэгээд л холбоогоо тасалчихвал тэр эмэгтэйд бардам болж харагдана гэж бодсон юм шиг байгаа юм. Инээдтэй юм шүү. Заримдаа бодоод харамсдаг л юм.

6. Илүү, илүү байсан (32 настай Б)

За нэг ийм юм болсон юм. Одоогоос арван жилийн өмнө. Ухаанаа алдтал дурлаж байлаа. Биеэ үнэхээр сайхан авч явдаг, ухаалаг, багш мэргэжилтэй, хүүхдэд хайртай тийм л сайхан бүсгүй байсан. Надаас бол илүү, илүү, үнэхээр ахадсан сайхан бүсгүй байсан. Нэг л удаа бүтэн шөнөжин юм ярьж суусан юм. Гэхдээ тэр нь болзоо энэ тэр бол биш ээ. Нэг шөнө сургууль дээрээ хүүхдүүдийнхээ үсэглэлийн баярын малгайг хийхэд нь л би тусалсан. Мэдээж надаас бол эгчмэд л байсан байж таараа. Гэхдээ үнэхээр сайхан эмэгтэй. Гадна төрх нь бол хамаагүй. Тэр хүний дотор сэтгэл нь бүр дэндүү гэмээр сайхан хүн байсан. Эрэгтэй хүн өөрөөсөө илүү ухаантай эмэгтэйд хүрч чаддаггүй гэдэг үнэн ч юм шиг. Угаасаа зай бариад, аль болох л холуур өнгөрдөг. Би ч гэсэн тэр үед “Ухаантай сайхан эмэгтэй юм даа. Азтай эр нь авч суух байхдаа” л гэж бодоод өнгөрсөн. Одоо бодоход тэр орой бүсгүй надад уг нь их талтай байсан байгаа юм. Дараа нь хэзээ хойно нэг таарахад “Чи чинь нэг шөнө юм ярьж суугаад л маргааш нь тоох ч үгүй зөрөөд өнгөрдөг залуу шүү. Хүний залуу нас гэдэг хэзээд л дэнгийн эрвээхэй шиг байх юм даа” гэж хэлж байсан юм. Би тэр үед л том алдаа гаргаснаа ойлгосон доо.

7. Нэг үгээр хэлэхэд би айсан юм (27 настай О)

Одоогоос 3 жилийн өмнө миний шинэ орсон ажилд нэг бүсгүй ажилладаг байсан юм. Ороод удаагүй байсан болохоор ажлынхантайгаа тийм ч дотно биш. Тэгсэн нэг даалгавар дээр тэр бүсгүйтэй хамт ажиллах болоод өдөржин хамт ажиллаж байгаад орой нь зам нийлж хэсэг цуг алхсан юм. Үнэхээр хөөрхөн зантай, үзэсгэлэнтэй бүсгүй байсан болохоор би шуудхан л дурлачихсан даа. Гар нь миний гаранд санаандгүй хүрсэн тэр мөчид биеэр нэг цахилгаан гүйгээд л явчих шиг болсон. Нэг хэсэг зориг хүрэхгүй явж байтал ажлаасаа гарч байгаа сураг дуулдаж одоо л алдаж болохгүй юм шүү гэж өөрийгөө зоригжуулж байгаад болзоонд урьж хэсэг уулзсан юм. Гэхдээ бид хоёр бүтэлгүй би таг болсон. Яагаад гэвэл түүний дэргэд би өөртөө итгэлтэй байж үнэхээр чаддаггүй байсан юм. Магадгүй би өөрөө л өөрийгөө зовоож байсан байх л даа. Гэхдээ тэр бүсгүй надад үнэхээр ахадсан санагддаг байсан шүү.