Монгол Улсын Шинжлэх Ухааны академийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Хууль сахиулахын их сургуулийн захирал, профессор, цагдаагийн хурандаа С.Баатаржав нар  хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичиг нь Шинжлэх ухааны академи болон Хууль сахиулахын их сургуулийн профессор, эрдэмтэн, судлаачид оюуны боломж, материаллаг баазад түшиглэн улс орны эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хамтарсан судалгаа явуулах зорилготой юм.

Мөн уг санамж бичгийн хүрээнд талууд сургалтын ажлыг нягт холбох, эрдэмтэн бэлтгэх, судлаачдыг чадавхжуулах, улсын хөгжилд бодитой хувь нэмэр оруулахуйц салбарын болон салбар дундын томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэхээр болоод байна.  

 Шинжлэх ухааны академийн харьяа хүрээлэнгийн лабораториуд болон бусад судалгааны баазад ХСИС-ийн эрдэмтэн, судлаач, магистрант, докторант, сонсогч, суралцагчдыг ажиллуулахад дэмжлэг үзүүлэх, Эрдэм шинжилгээ, судалгааны ажилд мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг туслалцаа үзүүлж, энэ чиглэлээр сургалт, семинар зохион байгуулах тухай ч тус санамж бичигт тусгагджээ.  

Мөн Хууль сахиулахын их сургуулийн харьяа судалгааны төв, лабораториудад ШУА-ийн харьяа хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнуудыг ажиллуулахад дэмжлэг үзүүлэх, эрдэм шинжилгээний ажилтныг доктор, докторын дараах сургалтаар бэлтгэх ажлыг бодлогоор дэмжих, ШУА-ийн эрдэмтдийг ХСИС-ийн орон тооны бус зөвлөлд болон цагийн багшаар ажиллуулах, бакалавр, магистр, докторын зэрэг горилсон эрдэм шинжилгээний ажлыг эрдэмтдээр удирдуулах ажлыг дэмжин ажиллах зэрэг  нь санамж бичигт тусгасгагдаад байна.