“Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй Ашигт  малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох шүүх хуралдаан  өнөөдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 10 цагт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд болов. 

     Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын тэргүүн О.Цэрэннадмид, Г.Уянга, П.Шижээравдан, Ж.Ганбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батбаяр, хариуцагч Ашигт  малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаяр, Ж.Батмагнай, гуравдагч этгээдээр  “Сентеррагоулд монголия” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хатанбат, түүний өмгөөлөгч Р.Мэндсайхан нар оролцлоо. 

     Шүүх хуралдаанаас шүүхийн тогтоол гарч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 –т заасныг удирдлага болгон мөн хуулийн  96 дугаар зүйлийн 96.2, заасныг баримтлан гуравдагч этгээд Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мандахбат, Б.Баярцэнгэл, Ч.Одонбаяр нараас гаргасан хүсэлтийг хангаж, шүүх хуралдаанд биечлэн оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2017 оны 10 дугаар сарын 27-ны баасан гаригийн 09 цагт хийхээр товлолоо.