Өдгөөгөөс 4-5 жилийн өмнө уул уурхайн салбарт асар том боломж гарч ирж байв. Тухайн үед зэсийн үнэ 10.000 ам.доллар давж, коксжих нүүрс 340 ам.доллар шүргэж байлаа. Уг үнийг одоогийнхтой харьцуулбал зэс 40-50 хувь, нүүрс хоёр дахин өндөр ханштай байсан гэсэн үг.

Үүний нөлөөгөөр эдийн засаг 17.3 хувийн өсөлт үзүүлсэн. Энэ нь Ази тив бүү хэл, Европын өндөр хөгжилд хүрсэн улс орнуудад ч тохиолдож байгаагүй огцом өсөлт байлаа. Харамсалтай нь тухайн үед хоёр зүйл дээр томоохон алдаа гаргасан. Өөрөөр хэлбэл, уул уурхайн баялгийн орлогыг хүн амд жигд хүртээх бодлогын алхам хийж чадаагүй. Мөн Баялгийн сан байгуулж эдийн засгийг солонгоруулах нүүдлийг хэрэгжүүлж чадаагүй билээ. Үүнээс хамаарч эдийн засаг 4, 5-хан жилийн дотор 17 дахин унаад байна. Хэрэв уул уурхайн салбараас олсон орлогыг эдийн засгийг солонгоруулах, нийгмийн дундаж давхаргын орлогыг баталгаажуулах, цаашлаад эмзэг бүлгийн иргэдийг тэтгэхэд чиглэгдсэн бол эдийн засаг хэдхэн жилийн дотор ингэтэл дордохгүй байв.

Газрын дор байгаа баялаг бол ард түмний өмч. Тиймээс зарчмын хувьд газрын доор байгаа баялгийг ашиглахын хэрээр өмчийн эзэн нийт ард түмний амьдрал ахуй дээшилж байх учиртай. Гэвч манайд эрдэс баялгийг ашиглахын хэрээр баян, хоосны ялгаа нэмэгдэж, дундаж давхаргынхан устан үгүй болж, нийгмийн эмзэг бүлгийн иргэд улам хүнд нөхцөл байдалд амьдрах болсон нь маргаангүй үнэн. Нэг үгээр хэлбэл, ард түмэнд үйлчлэх баялгийн үр шим арай өөр тийш яваад байна. Энэ бүхний шалтгаан нь төрийн бодлоготой холбоотой. Тодруулбал, уул уурхайн салбарт асар их хэмжээний хөрөнгө эргэлддэг боловч ажлын байрыг маш бага шингээдэг. Өнөөгийн байдлаар нийт ажиллах хүчний ердөө 4 хувийг уул уурхайн салбар бүрдүүлж байна. Уг салбар хүн гэхээс илүү өндөр үнэтэй техник технологи, машин механизмд суурилж урагшилдаг. Тиймээс уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт нийт хүн амд хүртээмж багатай, цөөн тооны хүн, бизнес эрхлэгчдэд өгөөжөө өгсөөр ирсэн. Яахав, төрөөс баялгийн үр шимийг нийт хүн амд жигд хүртээнэ хэмээн бэлэн мөнгө тараах алхамуудыг хэрэгжүүлсэн ч энэ нь хамгийн муу хувилбар байсан. Иймд манай улсын хувьд уул уурхайн салбараас олох орлогыг нийт хүн амд жигд хүртээх хамгийн боломжит хувилбар нь төсөв болж байна.

Харамсалтай нь уул уурхайн салбараас төсөвт төсөвт төвлөрүүлж буй орлого бага байна. Өнөөгийн байдлаар төсөвт уул уурхайн салбараас орж ирж байгаа орлого ДНБ-ий 3 хувьтай тэнцүү байна. Гэтэл манайхтай ижил төстэй улс орнуудад энэ нь 10 болон түүнээс дээш хувьтай байдаг аж. Уг салбараас олох орлого бага. Дээрээс нь төр уул уурхайгаас олсон орлогоо Баялгийн сан байгуулж, эдийн засгаа төрөлжүүлэх, цаашлаад ирээдүй хойч үедээ хөрөнгө оруулалт хийхэд зориулахын оронд төрийн бүтцэд данхайлгаж, төсвийн өндөр алдагдлаа санхүүжүүлэхэд урсгаад дуусдаг нь бүр ч эмгэнэлтэй. Энэ бүхний уршгаар өвөг дээдсийн өвлүүлэн үлдээсэн их баялаг хөрөнгө оруулагчдын халаасыг түнтийлгэж, бодлогогүй төрийн гарын салаагаар урсаад дуусах нь. Улмаар баян, хоосны ялгааг нэмэгдүүлж ард түмний уур хилэн, хорсол зэвүүцлийг бадраасан нийгмийг үлдээх шинжтэй байна.

Сайн мэдээ гэвэл одоо уул уурхайн бүтээгдэхүүний ханш тогтвортой өсөх хандлагатай байна. ОУВС-гийнхан сар гаруйн өмнө “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлснээр эдийн засаг 0 өсөлттэй байна хэмээн мэдэгдэж байсан. Тэгвэл Азийн хөгжлийн банкнаас тус хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эдийн засаг энэ онд 2.5 хувиар өснө гэсэн төсөөллийг хэллээ. Мөн Монголд хөрөнгө оруулах сонирхол эрчимтэй нэмэгдэж байгааг онцоллоо. Ийм өөдрөг төсөөлөл хийх болсон шалтгаан нь уул уурхайн салбараас бүрэн шалтгаалсан. Тиймээс ирээдүйд уул уурхайн салбарыг гадныхан ихээхэн сонирхож, чамлахааргүй хөрөнгө оруулалт, орлого орж ирэх нь хэмээн хүлээж болохоор байна. Харин орж ирсэн орлогоо өмнөх шигээ тарааж цацаад, хэсэг хугацааны дараа гуйлгачин болж үлдэх үү, эсвэл баялгийн үр шимийг зохистой зарцуулж нийт хүнд амд үр шимийг нь жигд хүртээж, нийтээрээ хөгжлийн төлөө явах уу гэсэн сонголт тулж байна. Товчхондоо, өнөөгийн төрийн оролцоотой оролцоогүй, бодлоготой бодлогогүй хөрөнгө оруулагчид уул уурхайн салбарыг сонирхон ирж, мөнгөө хийнэ. Энэ хэрээр орлого өснө. Иймд төр нэгэнт бий болж байгаа хөрөнгө оруулалт, орлогын урсгалыг хэрхэн нийт хүн амд жигд хүртээх, дундаж давхаргыг бий болгох, цаашлаад эдийн засгийг солонгоруулах вэ гэдэгт ухаанаа уралдуулах учиртай.

Саяхан Төсвийн тогтворжуулалтын сан, Баялгийн санг хуулиар баталсан. Тогтворжуулалтын сан нь эдийн засаг өндөр өсөлттэй үед төсвийн орлогоос хуримтлал үүсгэж, сүүлд төсвийн алдагдал бий болж, онцгой нөхцөл үүссэн үед үүнээс зарцуулах учиртай. Баялгийн сангийн хувьд уул уурхай болон бусад салбараас бий болсон орлогоос хуримтлал үүсгэж, уул уурхайн салбараас хараат бус эдийн засгийн өндөр өсөлтийг бий болгоход зориулагдах учиртай. Энэ үүрэг, чиглэлийг бодитой хэрэгжүүлэх нь өнөөгийн Засгийн газрын хамгийн том үүрэг билээ.

niigmiintoli.mn