Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад цасан нурангид өртөн сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна.

 

Ослын голомтод ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нараар ахлуулсан Онцгой байдал, Цагдаа, Зэвсэгт хүчин, шүүхийн шинжилгээ, эмнэлгийн байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Аврах ажиллагааны хээрийн штаб штаб 2811 метрийн өндөрт байрлаж, аврагчид 200 метр өргөн, 800 метр орчим урт, ойролцоогоор 160000 м2 талбайд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа юм.


Гурав дахь өдрийн эрлийн ажиллагааг өглөө 07:30 цагт нийт 89 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр эхлүүлсэн байна. Эрлийн хэсэгт цасны зузаан 3-5 метр байгаа бөгөөд хунгарласан тул алба хаагчид цасыг малтаж эрлийн ажиллагаа явуулж байгааг ОБЕГ-аас мэдээлэв. Өнгөрсөн хоёр өдрийн хугацаанд сураггүй болсон 17 хүнээс 14-ийг нь нас барсан байдалтай олсон юм. Өнөөдөр үлдсэн гурван иргэнийг эрэн хайх ажиллагаа явуулах юм.