“Очир төв”  зочид буудалд гэмт хэрэгтнүүд 13 настай охиныг авч орж  ёс бусаар бэлгийн дур хүслээ хангаж, амь насыг нь хэрцгийгээр  хөнөөснөөс хойш хоёр сар өнгөрлөө.

Үйлчлүүлэгчдийн бичиг баримтыг шалгаж,  хяналт тавилгүй ажилдаа хайнга хандсан,  насанд хүрээгүй хүүхдийг авч яваа талаар холбогдох газруудад мэдэгдээгүйгээс  онц ноцтой гэмт хэрэг гарах нөхцлийг бүрдүүлсэн, дараа нь уснаас хуурай гарах гэж талийгаач охины талаар  ташаа мэдээлэл цацсан “Очир төв” зочид буудлынхан  өнөө хүртэл үйл ажиллагаа явуулсан хэвээр байна. Тэднийг Зөрчлийн хуулиар 250 мянган төгрөгөөр торгоод өнгөрчээ. Хохирогчийн ар гэр, өмгөөлөгчид нь шахаж шаардаж байж, БЗД-ийн Цагдаагийн II хэлтэс хоёр ч удаа мэдэгдэл хүргүүлсний дүнд ийм арга хэмжээ авчээ.

Жирийн иргэн, хэнбугайд ч “Очир төв” зочид буудлынхан шиг ийм эрх дарх байхгүй. Тэгвэл “Очир төв” зочид буудал хуулиар хамгаалагдсан юм шиг, үйл ажиллагаагаа хэвийн явуулж, дээр нь биеэ өмөөрсөн “жүжиг” дэглэж өдий хүрэв. Тухайлбал, талийгаачийн талаар хамгийн түрүүнд “Очир төв” компанийн зочид буудлын захирал О гэх эмэгтэй ярицлага өгч “Тэр хүүхэд манай зочид буудалд орой болсон байхад ахынхаа араас орж байна гээд орж ирсэн, согтуу байсан, ер нь гадуур тэнэдэг тэнэмэл царайтай, гэр оронгүй бололтой ийм шинжтэй охин байсан. Бид ресепшнээ явуулж насанд хүрээгүй хүүхэд байна гар гэж хаалгыг цохиулсан боловч гараагүй, биелүүлээгүй” гэж мэдээлсэн байдаг.

Гэтэл камерын бичлэг, хэрэгт авагдсан бусад  баримтаар энэ нь үгүйсгэгдэж байгаа аж. Түүнчлэн хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын үйл явц, шүүх эмнэлгийн дүгнэлт гээд бүгд эргэлзээтэй, учир дутагдалтай гарч байгааг ар гэрийнхэн нь хэлж байгаа юм. Энэ бүхэн хэрэгт хөндлөнгийн нөлөө байна, ямар нэг хүч үйлчлээд байна гэсэн хардлага төрүүлж буй. Тэгвэл мэдээллийн зарим хэрэгсэлд УИХ-ын нэр бүхий гишүүний обьект байж болзошгүй гэх мэдээлэл гарчээ. Албан ёсны хаяг руу нь орж үзвэл, “Очир төв” зочид буудал нь машин угаалга, зоогийн газар, караоке гээд цогц үйлчилгээ үзүүлдэг юм байна. Мөн машинаа дөрвөн удаа угаалгасан тохиолдолд нэг удаа үнэгүй угаалгах, зочид буудалд хоногийн хүн авчирч буулгасан жолоочид 10 мянган төгрөг олгохоос эхлээд  караокед 2-3 цаг дуулах, 1-5 дахь өдрийн хооронд үнэгүй хонох гэхчлэн  урамшуулдаг талаар мэдээлэл оруулжээ. 

Хэрэг гарсаны дараахан фэйсбүүк дэх цахим хаягт нь зочилж үзэхэд  садар самуун мэдээлэл голдуу шэйрлэж түгээдэг, түүн дээрээ хүүхдийн зураг ашигладаг байдал ажиглагдсан. Мөн “Тухтай орчинд дуртай киногоо үзээрэй” гэсэн  өрөө, орны зураг бүхий реклам ч байна. Тэгвэл “Очир төв” компани нь барилгын чиглэлээр ч бас үйл ажиллагаа явуулдаг бололтой. Өчигдөр 15:00 цагийн байдлаар цахим хуудас дахь садар самуун гэмээр мэдээллүүдээ устгаад оронд нь “Энэ газар “Очир төв, “Очир апартмент” есөн давхар 40 айлын орон сууц баригдаж байна, м/кв-ийн үнэ 1.2 сая, энэ оны сүүлчээр ашиглалтад орно” гэсэн зарыг түлхүү оруулж, захиалга авах хэсэгт 94149009 гэсэн утасны дугаар тавьжээ. 

Энэ утасны дугаар зочид буудлын ресепшний хаяг дээр ч бас давхар бичигдсэн байдаг юм. Хотын захын гэр хороолол дахь хуулиас  давсан эрх мэдэлтэй энэ зочид буудлын эзэн хэн бэ, хэний бизнес вэ?

“Очир төв” зочид буудлын цахим хуудас садар самуун гэж хэлж болох мэдээллүүдийг шэйрлэж түгээсэн нь цөөнгүй байна. Сүүлийн өдрүүдэд мэдээллээ шинэчилж 40 айлын шинэ орон сууцны захиалгын мэдээлэл оруулжээ.

Энэ үйл явдалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир өөрийн цахим хуудсаар дамжуулан ийм мэдэгдэл хийсэн юм.

 

Ч.ЗОТОЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин