Цахим халдлагаас ард иргэдийг хамгаалах Монголын нийгэмлэгийн тэргүүн Б.Арго өнөөдөр фэйсбүүк, твиттерийг хааж хяналттай үндэсний сүлжээтэй болох хэрэгтэй байгаа талаар мэдээлэл хийлээ. 

 

Тэрбээр цахим халдлагаас ард иргэдийг хамгаалах Монголын нийгэмлэг ТББ байгууллагыг байгуулан ажиллаж байгаа бөгөөд  фэйсбүүк болон твиттерийг хааж үндэсний хяналттай бие даасан сүлжээтэй ажлыг санаачлаад байгаа аж.

 

Б.Арго энэ талаараа "Энэ сүлжээнүүд давуу талтай ч муу тал бий. Хүүхдүүд ерөөсөө хичээлээ хийхээ болилоо. Судалгааны байгууллагын мэдээллээр хүүхдүүд өдөрт 4-5 цаг гар утастай харьцаж байна. Өөрт хэрэгтэй мэдээллийг авахын тулд эмх замбараагүй олон мэдээлэл дунд байгаа. Мөн гэр орны ажил ч хийж чадахгүй болж. Хоёрдугаарт гэр бүлийн харилцаа хүйтэн болж байна. Авгай, нөхөр хоёр өөр өөр өрөөнд ороод алга болчихдог. Монголд болсон харамсалтай явдал ч гэсэн фэйсбүүкээс болсон гэж бодож байна. Тэр хүмүүс фэйсбүүкээр дамжиж танилцсан. Фэйсбүүк байгаагүй бол тэд амьд байх байсан.

 

Манай өмнөд хөрш фэйсбүүк хэрэглэдэггүй. Тэнд Wechat, Webao гэсэн үндэсний хоёр том сүлжээ байна. Хойд хөрш Яндекс гэсэн сүлжээгээ ашигладаг.  Хүмүүс яаж бодох хамаагүй. Төр засаг бодлого хэрэгжүүлэх ёстой. Энэ чигээрээ явбал бид Сири шиг болж магадгүй. Хамгийн гол нь гадаадын тагнуулын байгууллага Монгол орныг дайсагнуулж, баялгийг зөөх бодолтой байх шиг байна. Мөн фэйсбүүкээс болж нийгэмд сэтгэл зүйн уур амьсгал хэцүүдэж байна. Хүмүүс бие биенээ доромжилж байна.

 

Би бол фэйсбүүк, твиттер гэх хортой нийгмийн сүлжээг хааж, регистрийн дугаараар бүртгүүлдэг, хэлсэн болгон нь эзэнтэй байдаг үндэсний хэмжээний сүлжээтэй болох хэрэгтэй гэж бодож байна" гэв.