Гүнээ хөгшөөн, чи манийгаа бодвол номтой хүн. Энэ улс орон чинь ер нь юу болоод байгаа. Зурагт үзэхээр л бөөн хэрүүл маргаан, бие биенээ худалч, хулгайчаар нь дуудаад л, тэгээд үнэн юм болов уу? Худлаа юм уу? Энэ ер нь аль нь үнэн яриад байдаг юм бэ? толгой эргэчих юм хэмээн сүүлийн арван жил нэг л асуултаа тавьдаг найз надад бий. Нутагт очих болгонд, таарах болгондоо энэ асуултаа тавина. Намайг хуульч болохоор тэгж асуудаг уу, эсхүл үнэхээр энэ олон цадиггүй мэдээллээс залхдаг юм уу, бүү мэд. Уг нь манай хүн голоос гол дамжин, өвсний сорыг хайн нүүдэллэдэг олон мянган монгол малчны л нэг. Тэр төрөөс юу ч гуйгаагүй, амьдрал хэцүү байна гэж нэг удаа ганхийгээгүй идэр залуу.Нэр Н.Намсрай. Жирийн малчин,бүр улсын сайн малчин гэж байгаа. Ерөнхийлөгч нь хэн болж байна вэ? УИХ-ын гишүүн нь хэн болж байна вэ? Яг үнэндээ тэр тэднээс гуйхгүй. Хэдэн хонь үхрээ маллаад, уул хангайдаа залбираад явж байхад улстөрчид түүнээс ирж санал гуйна уу гэхээс, мань хүн тэднээс шүдэнзний мод ч горьдохгүй. Гэхдээ сэтгэлийн нэг юм бий. Тэр нь миний найз Монгол Улсын иргэн. Энэ улс маань юу болж байна вэ? Хаа хүрэх нь вэ? Ямар улсад хэдий хэмжээний өртэй вэ? гэдэгт тэр санаа зовдог мянга мянган малчны нэг.Зун нутагт очиход найз нөгөө л асуултаа тавьж байна. Би мэдэхгүй юмаа, мэдэхгүй юм чинь яах вэ дээ, “Мэдэхгүй ээ, хөгшөөн, шүүх нь тогтооно биз” гэдэг хариултаа л өгдөг. Манай хүний гомдол, дургүйцэл хоёр намайг ийн хариулахад байнга хүрнэ. Сүүлийн арав гаран жилд шүү.

 

-Та нар тэгээд хуульч, муульч л гээд байдаг. Өчнөөн ном уншиж, хууль бичээд байна л гээд зурагтаар гарах юм. Эд нарыгаа цэгцэлдэггүй юугаа хийгээд байдаг юм бэ? Ажлаа сайн хийгээч.Энэ сонгууль энэ тэр чинь болохоо байлаа. Монголын хамгийн муу хоёр иргэнийг ухаж, ухаж байгаад гаргаад ирсэн юм уу, хаашаа юм бэ? Баахан хулгай хийсэн хүмүүс юм биш үү? гээд уурлав. Энэ оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа өрнөж байгаа хэрэг.

 

-Найз нь хулгай хийсэн, хийгээгүйг нь мэдэхгүй шүү дээ. Шүүх л тогтооно. Хуулиараа хүмүүсийн ажилд хамаагүй оролцож болохгүй. Шүүх, прокурор чинь бие даасан, хараат бус.

 

-Та нар ингэж хойшоо суугаад, тэрэнтэй нь ч муудчихвий, энэнтэй ч эвгүй харьцчихвий гэсээр байтал энэ улс орон чинь болохоо байлаа. Монгол Улс чинь бөөн хулгайч нарыг өөгшүүлдэг газар юмуу гээд л хатуу үгсийг бөөн бөөнөөр нь чулуудахуйд эхнэр нь аминд орно.

 

-За, за. Хүн хол газраас зорьж ирж байхад одоо боль. Чи зүгээр дуугай хүн хоол идүүл. Амрах гэж ирэхээр нь чи ингээд байвал яаж амардаг юм бэ? хэмээн хазаарыг нь татсанаар энэ яриа эцэс болдог. Цаашаа морь мал, ахуй яриад асуудал сарнина. Дараа ирэхэд дахиад л ийм яриа эхлээд, ийнхүү төгсөнө. Гэхдээ найзын зөв. Өнгөрсөн сард олон улсын хуульчид, хуулийн эрдэмтдийн цугласан хоёр ч удаагийн томоохон хуралд суулаа.

Хоёр хурал дээр хоёуланд нь популизм бол анти-демократуудын хийж буй мэдэгдэл гэсэн зүйлийг сонслоо. Дэлхийн аль ч орон “поп”-ууд “агуу их” түүхийг бүтээж байгаа ба энэ нь эргээд ардчилал, хуулийн засаглалын эсрэг үйлдлүүд юм.“Поп”-ууд аливаа бодлогыг завааруулж, бодлогогүй алхмууд хийснээр иргэнийг төрөөс хамгаалах хууль маань мөн чанараа алдаж эхэлдэг. Энэ “поп”-уудыг хэрхэн зогсоох вэ? Поп-уудаас иргэдээ хэрхэн хамгаалах вэ? Junk news (хэнд ч хэрэггүй мэдээлэл гэсэн санаа) хэтэрхий их тарахаар нийгэмд эргээд зөв хариултуудыг нэхэж, нийгэмд эмх замбараагүй байдлыг үүсгэдэг. Тэр нь юу вэ? гэхлээр нийгмийн сүлжээ, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр гарч буй нийгмийн сонирхлыг татсан хариуцлагагүй мэдээллүүд хэтэрхий ихэссэний дараа иргэд сэтгэлийн хөөрлөөр сонголт хийдэг. Сэтгэлийн хөөрлөөр хийсэн сонголтууд шийдэл биш байдаг байна. Жишээ нь манайд улс төрчдийн бие биенийгээ намнах гэсэн олон мэдэгдлүүд болох 60 тэрбум, Төмөр зам, Эрдэнэт, Дубайн гэрээ, Тагнуулын дарга асан Б. Хурц, Ц.Нямдорж сайдын хийсэн мэдэгдлүүдийн аль нь зөв нь мэдэгдэхгүй нийгмийн бухимдлыг төрүүлж, чухамдаа хэн нь үнэн яриад байгааг мэдэхгүй болтлоо эргэлзээнд хүрч буй асуудлууд юм. Угтаа үнэхээр 60 тэрбумаар төрийн албыг худалдсан юм уу, худалдаагүй юм бол энэ мэдээллийг нийгэмд хүргэсэн хүн нь хүнийг гүтгэсэн юм уу, гутаан доромжилсон юмуу? Мөн адил төмөр замын мөнгийг идсэн үү, идээгүй бол идсэн гэж мэдэгдэж байгаа этгээд нь яагаад хариуцлага хүлээхгүй байгаа вэ? Ц. Нямдорж сайд болон түүний хамсаатнууд өчнөөн олон сая ам.долларыг “шахаа” хийж хууль зөрчсөн үү, зөрчөөгүй бол тагнуулч Б. Хурц хүнийг гүтгэсэн үү, гүтгэсэн бол элчин сайдаар томилогдох боломжтой юу? Эсрэгээрээ Ц.Нямдорж гуай Б.Хурцыг хууль бус сүлжээний гол хэрэгжүүлэгч гэж хэлсэн нь худлаа юу, эсхүл үнэн үү? Дубайн гэрээ, Эрдэнэтийн гэрээ хууль зөрчсөн нь үнэн юм бол Ч.Сайханбилэг яагаад ялаа эдлэхгүй байна вэ? Үг гэдэг зүгээр нэг цацаад хаячихдаг чалчаа хүний хэрэглүүр үү, үгийг тэгж хамаагүй хэрэглэж болдог уу? Тэр дундаа улс төрчид, төрийн өндөр албан тушаалтнууд ингэж нийгмийг цочроосон мэдэгдлүүд хийчихээд зүгээр л орхиж болдог уу?

 

Нийгмийг цочроож байгаа мэдэгдэл хийж буй олон нийтийн танил хүмүүс тэр дундаа улс төрчид аль нэгэн хүнийг гэмт хэрэгт холбогдуулан мэдэгдэл хийхдээ заавал хэлсэн үгэндээ эзэн болж, түүнийхээ хариуцлагыг хүлээдэг байх ёстой. Хэрэв тэгэхгүй бол Junk буюу бодлогын бус хогийн савны мэдээлэл болж, улс хөгжих бус харин улам дордуулах ардчиллын эсрэг, хуулийн засаглалын эсрэг ажиллаж байна гэсэн үг. Иймд иргэдийг талцуулах үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдээллээ хазаарлах цаг нь болжээ: Мэдээлэл хариуцлагагүй, үр дүн бий болгохгүй л бол ХОГ. 

 

Энэ жилийн эхээр болсон Английн сонгуулийн мэдээний 12 хувь, 2016 оны Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн Мичиган мужид тараасан мэдээний 33,8 хувь нь Junk мэдээллүүд байжээ. Энэ төрлийн бодлогын бус, хогийн савны мэдээлэл тараагчдыг Антидемократууд буюу ардчиллын дайснууд гэж нэрлэж байгаа юм байна. Учир нь тэд огт хэрэгцээгүй мэдээллээр иргэдийг хууран мэхэлж талцуулдаг байна. Энэ нь цаашид хязгаарлалтгүй үргэлжпэх төлөвтэй. Үүнээс сэргийлэн ХБНГУ-д 50 сая хүртэл еврогоор торгох хуультай болжээ. Манай сонгуулиар хэдэн хувийн мэдээлэл нь Junk  байсан бол? Сонгуулийн үеэр ямар ямар мэдээллүүд share хийж байв, бид антидемократууд мөн үү? Итали мөн энэ хогийн мэдээллийг хязгаарлах хууль баталсан байна. Харин одоо манай ээлж. “Поп”-уудыг хязгаарлах цаг нь болсоон. Эс бөгөөс төр, хуульд итгэх иргэн үлдэхгүй нь.

 

Доктор Б.Гүнбилэг