Тээврийн хэрэгсэл болон эзэмшигчийн лавлагааг ТҮЦ машинаас олгоно

 

Тээврийн хэрэгслийн бүртгэл, шилжилт хөдөлгөөн, улсын дугаар олгох явц иргэдэд хардлага төрүүлдэг. Азын гэх зарим дугаарыг өндөр үнээр худалддаг хэмээн үеийн үед л хэл ам дагуулж байдаг билээ. Гэвч тус байгууллагынхан төрийн зарим албаныхан шиг хэрүүл, зарга хийгээд байдаггүй, өмнөх ажлаа л хийсээр ирсэн. Сүүлийн үед Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-ийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийнхэн иргэд рүү хандсан, төрийн үйлчилгээг тэдэнд чирэгдэл багатай үзүүлэхэд чиглэсэн ажлууд хийж хэрэгжүүлж буй аж.

Жил бүр импортоор орж ирж буй автомашины тоо нэмэгдсээр байгаа. Гаалийн татвар нэмлээ гэж дуулиан шуугиан болсон ч хилээр оруулсан машины тоо 30-аад хувиар өссөн нь үүнийг илтгэнэ.  2016 онд 44257 автомашинд Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсээс улсын дугаар олгож байсан бол энэ оны аравдугаар сарын 27-ны байдлаар 56530-ийг шинээр бүртгэснээс өсөлтийг харж болох юм. Улсын дугаар авчихаад иргэд хоорондоо наймаалцан автомашинаа шилжүүлэх явдал өдөр бүр байдаг. 2016 онд 203532 машиныг нэг эзэмшигчээс нөгөө хүнд, хотоос хөдөө, орон нутгаас нийслэл рүү шилжүүлж байж. Харин энэ оны аравдугаар сарын 27-ны байдлаар 249345 тээврийн хэрэгсэл нааш цааш нь шилжүүлсэн байх юм. Тус хэлтсийн харьяа зургаан салбарт өдөрт дунджаар 1000-1200 тээврийн хэрэгслийн бүртгэл, шилжилт хөдөлгөөн хийж, улсын дугаар авдаг гэсэн үг. Эндээс тус хэлтсийнхний ачаалал ямар байгааг, иргэдийн дараалал, хүлээлтийг гадарлаж болно. Тиймээс энэ хэлтсийнхэн иргэдийн ачааллыг бууруулахын тулд цахим технологийн дэвшлийг ашиглах гэнэ. Ирэх сараас Төрийн үйлчилгээний ТҮЦ машинаас иргэд тээврийн хэрэгслийн лавлагааг авах боломжтой болох нь. Ингэснээр өдөрт лавлагаа авахаар хандаж буй иргэд, байгууллагын ажлыг хөнгөвчлөх юм.

Түүнээс гадна 1900-1234, 70070018 дугаар утсаар машиныг нь хаагаад тавьсан тээврийн хэрэгслийн жолооч нарыг холбож өгөх үйлчилгээ ч нэвтрүүлээд байна. Дээрх утсуудад хандан зарим хүн машиных нь улсын дугаараар жолоочийнх нь гар утасны дугаарыг авахыг санаархдаг ч, операторууд нь ямар нэг дугаар өгөх эрхгүй, харин хооронд нь зуучилж буй гэнэ.

Энэ мэтчилэн иргэд, жолооч нарт чиглэсэн ажлуудаас хамгийн чухал нь төмрийн хог болчихсон атлаа улсын дугаараа хасуулдаггүй, татварт өр үүсгээд байж буй машинуудыг бүртгэлээс хасаж эхэлсэн явдал. Татварын ерөнхий газар, АТҮТ хамтран сүүлийн дөрвөн жилд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар зэрэг татвар, хураамжаа төлөөгүй 95777 тээврийн хэрэгсэл эзэмшигч байгааг тогтоожээ. Хэрэв таны тээврийн хэрэгсэл энэ 95777-д орсон эсэхийг шалгах бол transdep.mn хаягаар орж шалгаад жагсаалтанд байвал Цирк дэх салбарт ирж татварын тодорхойлолтгүйгээр хасуулж болох юм байна. Өнгөрсөн онд ийм 2500-гаад машин хассан бол, энэ онд 10000 орчим буюу аравдугаар сарын 27-ны байдлаар 9181-ийг нь хассаныг Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн дарга Б.Гүрсоронзон мэдээллээ. Замын хөдөлгөөнд огт оролцохгүй байгаа тэдгээр тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасуулаагүй тохиолдолд тухайн эзэмшигчид татварын өр, хүү, алданги, торгууль нэмэгдээд л байх эрсдэлтэйг тэрбээр нэмж хэлсэн юм. Татварын байгууллагатай тус хэлтсийнхэн сүлжээгээ холбож, бүртгэл, шилжилт хөдөлгөөний мэдээллээ солилцдог болсноор дээрх 95000 гаруй автомашины тоог гаргасан аж. Автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулж, түүнийгээ нотариатаар батлуулаад авсан, өгсөн хэн хэн нь хууль журмын дагуу бүртгэлээ хийлгэдэггүйгээс хуучин эзэмшигчийнх нь нэр дээр татварын өр үүссээр байгаа юм билээ. Тиймээс нотариатаар худалдах, худалдан авах гэрээгээ батлуулсан ч өөрсдөө Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн аль нэг салбарт очиж нэрээ шилжүүлж байх нь чухал гэдгийг албаны хүмүүс хэлж байна