Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх хурлаас НИТХ-ын тэргүүлэгчдийн 12 дугаар хуралдааныг хүчингүйд тооцжээ. Учир нь, НИТХ-ын тэргүүлэгч есөн гишүүний таваас дээш төлөөлөгч нь ирж байж хурлын ирц бүрддэг ч С.Амарсайхан дөрвөн тэргүүлэгчтэйгээр хуралдааныг явуулсан аж. Тиймээс НИТХ-ын тэргүүлэгч Ж.Батсайхан Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд уг асуудлаар гомдол гаргасныг шүүх хэлэлцээд байгаа нь энэ юм.

Өнгөрсөн даваа гаригт НИТХ-ын дарга С.Амарсайханы удирдан явуулсан уг хуралдааныг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн байна. Шүүхээс уг хуралдааныг хүчингүйд тооцсон тул НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдааны товыг дахин зарлах шаардлага үүсээд байгаа аж. 

НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулснаар шинэ удирдлага ажлаа эрчимжүүлнэ гэх хүлээлт байсан хэдий ч С.Амарсайханы удирдсан хуралдаанууд ирц хүрэхгүй шалтгаанаар удаа дараа хойшилж, НИТХ дахь МАН-ын бүлэг дотооддоо эв түнжингүй хэвээр байгаа юм.