ОХУ-ын Сочи хотод өнгөрсөн сарын 13-22-ны өдрүүдэд  “Дэлхийн Оюутан, Залуучуудын ХIХ их наадам” болж өнгөрсөн. Уг наадамд дэлхийн 180 орны 50 мянга гаруй залуус "Энх тайван, эв нэгдэл, нийгмийн шударга ёсны төлөө аливаа түрэмгийллийн эсрэг бид тэмцэж байна” гэсэн уриан дор нэгдэж, дуу хоолойгоо хүргэсэн билээ. Монгол улсаа төлөөлөн оролцсон тавин шилдэг залуусыг ЗГХА Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун ахалж явсан төдийгүй МУГТ П.Сэрдамба, Д.Отгондалай, "Эетэн" хамтлаг, Хийлч О.Байгаль зэрэг салбартаа үнэлэгдсэн шилдэг залуус амжилттай оролцоод ирсэн юм. Тэгвэл маргааш тэдгээр тавин залуу аяны богцоо задалж, бусад залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон ТББ-ын төлөөллүүдтэй мэдээлэл солилцох уулзалт хийх юм байна. Тухайлбал, “Дэлхийн залуучуудын чиг хандлага” эдийн засаг дахь оролцоо, Монгол улсын төрөөс залуучуудын талаар баримтлах бодлого, Дэлхийн оюутан залуучуудын 19-р их наадмын урлаг соёлын арга хэмжээ, “Спортын хөгжил дэвшил” зэрэг үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулсан туршлагаа хуваалцах юм байна. Энэхүү уулзалт хүн бүхэнд нээлттэй тул сонирхсон залуус маргааш буюу 11-р сарын 9-ний өдрийн 14 цагт Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны 10-н давхарт хурлын танхимд хүрэлцэн ирнэ үү.