Монгол Улсын хүн амын өсөлт, төрөлтийг дэмжих бодлогын хүрээнд Эхэд тэтгэмж, хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр болжээ.

 

Төслийн үзэл баримтлалд тусгаснаар 0-3 насны хүүхдээ асарч байгаа эхэд улирал бүр цалин олгох “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлэх, Нийгмийн даатгалын шимтгэлийг нь 100 хувь төрөөс хариуцах, мөн 3 ба түүнээс олон хүүхэдтэй өрх толгойлсон эх /эцэг/-т хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр улирал бүр дэмжлэг үзүүлэхээр тусгасан байна.

 

Манай улсын нийт өрхийн 72.8 хувь нь 1-2 хүүхэдтэй аж. Иймд нэг өрхөд ногдох хүүхдийн тоог нэмэгдүүлэх, олон хүүхэдтэй өрхийг дэмжих нь зүйтэй гэж Засгийн газар үзлээ. Ингэснээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх боломж бүрдэж байгаа бөгөөд цаашид эхчүүдийн цалинг сар бүр олгох чиглэл барихыг даалгалаа.