Дэлхийн гоо сайхны олимп гэгддэг “Дэлхийн мисс”  шалгаруулах анхны тэмцээн Англи улсад 1951 онд зохион байгуулагдаж байжээ. Энэ жилийн 67 дахь удаагийн тэмцээн БНХАУ-ын Саняа хотод болж байна. 127 орны шилдгээр шалгарсан гоо бүсгүйчүүд 1 сарын турш хамтдаа байж, үндсэн тав, нэмэлт хоёр төрлөөр өрсөлдөж байна. Тэмцээний ялагч энэ сарын 18-нд тодрох юм.

Бид Хайнаны Хайкоу хотод суралцдаг оюутнууд бөгөөд, тэмцээний талаар сурвалжлага бэлтгэхээр арлын урд талд орших Саняа хотыг зорьлоо.

 

 

Монголыг төлөөлөн оролцож буй Цэвээндашийн Энхжинтэйгээ хэдхэн хоногийн өмнө холбогдон очиж уулзах болсноо дуулгахад, манай оролцогч таатайгаар хүлээн авсан хэдий ч бид дэлхийн хэмжээний томоохон тэмцээн сурвалжлах учраас албан ёсны зөвшөөрөл хүсч зохион байгуулагч талд хүсэлт илгээв.

Бид эхний өдрөө хүсэлтийн хариугаа хүлээж, маргааш өдөр нь буюу арваннэгдүгээр сарын 11-ний өдөр тэмцээний оролцогчид байрлаж буй зочид буудлыг зорьсон юм. Аялал жуулчлалаараа дэлхийд дээгүүрт ордог Саняа хотын Phoenix арал дээр орших “Phoenix” таван одтой зочид буудалд тэд байрлаж байв.

 

 

Биднийг очиход харуул хамгаалалт дээд зэрэг хангагдсан, маш өндөр зохион байгуулалттай үйл ажиллагаа болж байгаа нь үүднээс нь харагдсан юм.

Саняа хотын Phoenix арал дээр баярлах аялал жуулчлалын төв бүсэд нь орших тус буудалд орохын тулд бидэнд нэвтрэх үнэмлэх байсангүй. Монгол Улсаас ирсэн гэдгийг минь гэрчлэх пасспорт хэрэг болж, мөн бидний хийлгэж өмссөн фудволк их тус болсон.

Ингээд буудалд байрлах оролцогчтойгоо уулзахаа хэлээд цааш хөдлөв. Замын хажуугаар байрлах томоохон самбаруудад Дэлхийн Мисс 2017 буюу 67 дахь удаагийн тэмцээнд оролцогч улс улсаа төлөөлөн оролцож буй гоо бүсгүйчүүдийн зургаар гоёсон байлаа. Хамгийн том самбарт Монгол Улсаа төлөөлөн оролцож буй Ц.Энхжингийн зураг тодоос тод гарсныг зургаас олж харж болно.

Зочид төлөөлөгчдийг угтан авч буй буудлын ажилтан, зөрөн өнгөрөх үйлчилгээний ажилтнуудын харилцааны соёл дээд зэргийн бөгөөд оролцогч гоо бүсгүйчүүдтэй инээмсэглэн хандах нь тухайн тэмцээнийг хүндэтгэж буйн илрэл биз ээ.

 

Бид зочид буудалд нь очоод Ц.Энхжинтэйгээ утсаар холбогдон уулзах зөвшөөрлийн захидал ирээгүйг дуулгахад тэрээр өөрөө зохион байгуулагч эмэгтэйн хамт ирж, бидэнтэй уулзан цөөхөн хором ярилцсанаа хүргэе.

 

-Дэлхийн Мисс 2017-д Монгол Улсаа төлөөлөн оролцож буй Ц.Энхжиндээ юуны өмнө баяр хүргэе. Тэмцээний явц ямархуу явагдаж байна. Одоо хэд дэхь хоног дээрээ үргэлжилж байгаа вэ?

-Сайн байцгаана уу. Монголчууддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр тэмцээний 22 дахь өдөр. Ерөнхийдөө 7 үндсэн шалгуурын ихэнх нь явагдаж дуусаад өчигдөр Топ моделийн шалгаруулалт болсон. Дараа нь мультмедиа, Зорилго бүхий гоо бүсгүй шалгуурууд явагдаад дүнгээ гаргана.

-Болж өнгөрсөн шалгаруулалт дээр ямар амжилт үзүүлж байгаа вэ. Тэр талаараа тодорхой дурдвал?

 

Одоогийн байдлаар, үндсэн 7 шалгуураас:

1.Head to head challenge-д группээсээ шалгарч шилдэг 40 оролцогч орны нэг болох нь тодорхой болсон.
2.Beauty with a purpose TOP-20
3.Miss Sport төрөлд TOP-8,
4.Miss Top Model төрөлд TOP-30
5.Dances of the World TOP-5
6.Miss Multmedia төрөлд тэргүүлж байгаадаа баяртай байна.

-Урьд нь дэлхийн хэмжээний томоохон тэмцээнд оролцож байсан уу?

-Миний хувьд оролцож буй тэмцээнүүдийн хамгийн том нь энэ тэмцээн.

-Бусад орныхноос суралцах зүйл их байсан уу?

127 орны шилдэг гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөн багагүй хугацааг хамтдаа өнгөрөөнө гэдэг бол маш том аз завшаан. Тус тэмцээнд оролцогчид улсаа төлөөлж байгаа хөөрхөн бүсгүйчүүд гэхээс гадна, ухаалаг, өөрсдийн зорилготой, сайхан сэтгэлтэй, хийсэн зүйлтэй мөн авьяастай, спортлог бүх талаараа өв тэгш юм шиг надад санагдсан.

 

-Тодруулбал?

үх оролцогчдыг гурван багт хуваасан байгаа. Манайх “Шар” баг. Манай багийн бүсгүйчүүд харахад л хайр хүрмээр хөөрхөн бүсгүйчүүд байдаг. Бид нэг гэр бүл шиг байдаг бөгөөд найзууд болсондоо баяртай байна.

-Аль улсын оролцогчидтой найзууд болсон бэ. Өрөөндөө хэдүүлээ амьдарч байна?

-Орос, Украйны, Хятадын оролцогчидтой хамт нэг өрөөнд байдаг учраас найзууд болсон. Би өөрөө орос хэлээр чөлөөтэй ярьдаг учраас Орос, Украйны миссүүдтэй харилцахад ч илүү дөхөм дотно байдаг. Ер нь найзууд гэвэл маш олон орны бүсгүйчүүд байна. Тухайлбал Кени, Гуам, Макао, Солонгос гэх зэрэг улсын оролцогчтой сайн найзууд болсон.

 

-Одоо тэмцээний финал болохоос өмнө хамгийн чухал ямар шалгаруулалт үлдсэн бэ. Ямар зүйл дээр туслах вэ. Монголчууд яаж өөрийг чинь дэмжих вэ. Энэ талаар?

-Тус тэмцээнд миний зүгээс өөрийн бүх хүчээ дайчлан амжилт үзүүлээд явж байна. Одоо нэг нэмэлт төрөл үлдээд байгаа нь People’s choice буюу “Ард түмний сонголт” хэмээх шалгуур юм. Энэ шалгуурт тэргүүлбэл финалын 15 оролцогчийн нэг болох юм. Өнгөрсөн жилийн оролцогч Баярцэцэг маань энэ шалгуурт тэргүүлж, 11 дүгээр байранд орж байсан.

 

-Тэмцээний ялагч тодроход цөөхөн хоног үлдлээ. Монголчуудаа хандаж хэлэх үг?

-Намайг зорьж ирсэн та хоёртоо маш их талархаж байна. Монгол хүнтэйгээ уулзахад сэтгэл их хөдөллөө. Одоог хүртэл намайг дэмжиж байгаа хайртай аав ээж, найз нөхөд, хамт олон, нийт Монголчууддаа чин сэтгэлээсээ талархаж буйгаа хэлмээр байна. Дэлхийн Мисс шалгаруулах гэдэг нь маш хүнд тэмцээн байдаг юм байна. Сэтгэлзүйн хувьд өндөр бэлтгэлтэй, аливаа зүйлд өөдрөгөөр хандаж байж амжилттай оролцох боломжтой.

Зарим оролцогчийн хувьд өөрсдийгөө тайвшруулахын тулд эм бэлдмэл хэрэглэж байгаа бол миний хувьд бясалгалаа хийгээд найзуудаасаа гоё энерги авч байгаа. Монголчуудынхаа бичсэн комментуудаас ч эрч хүч авч байгаа. Та бүхнээс надад маш их хайр ирж байгаа. Тиймээс та бүхнийхээ итгэлийг алдахгүй, намайг дэмжээрэй.

Тэмцээний финал болоход 7 хоног үлдсэн. Энэ хугацаанд идэвхтэй оролцоод Монгол хүн бүр саналаа өгөөсэй гэж хүсч байна. Баярлалаа гэж дахин дахин хэлмээр байна.

Сэтгүүлч Х.Эрдэнэсолонго, П.Одонтунгалаг

2017.11.11, Саняа хот, БНХАУ