Газрын хэвлий дэх баялаг нийтийн өмч үү, эсвэл З.Энхболдын хэлсэнчлэн 30 гэр бүлийн “хөрөнгө” үү. Үүнтэй ижил Халх голын сав газар нэг хэсэг албан тушаалтнуудын амны зугаа юу, эсвэл нийтийн эзэмшлийнх үү гэдгийг ялгаж салгах шаардлага гарах нь.

Р.Бурмаа сайдын үед Халх голын 500 га газрыг чөлөөт бүс байгуулах УИХ-ын 75-р тогтоол батлагдаж, нутгийнхны эсэргүүцэлтэй тулгарч байсныг уншигч та санаж байгаа биз ээ. Нийгэм , олон нийтийн хандлага чөлөөт бүсийн эсрэг байсан тул эрх баригчид сонгуулийн өмнөхөн “Халхгол” бүтээн байгуулалтын бүс хэмээн нэрийг нь өөрчилж энэ асуудал хэсэгтээ намжсан.

Гэвч асуудал зөвхөн нийслэлд намжиж, харин орон нутгийн албан тушаалтнуудад олз болсон бололтой. 2015 оны 75-р тогтоол нь 2016 оны 43-р тогтоолоор солигдож, Халхголын сав газар чөлөөт бүсийн онцгой дэглэмээс “мултарч” чадсан ч өнөөх 500.0 га талбайн дийлэнхид нь буюу 323 мянга орчим га-д нь газар олголт хийчихсэн. Тэгвэл чөлөөт бүсийн 75-р тогтоолын хавсралтаар анх батлагдсан хилийн цэсийн дагуух 500 га нутгийг нийт 74 хэсэгт хувааж, хувийн аж ахуйн нэгжүүдэд олгочихоод буй нь тодорхой болов.

Илүү ноцтой нь аймгийн ИТХ Тамсагт газрын тосны шинэ талбай бий болгохыг зөвшөөрсөн явдал юм. Өөрөөр хэлбэл, энэ он гарсаар Дорнодод “Петро чайна дачин тамсаг”-аас гадна өөр хэд хэдэн компани орж ирэх нь нэгэнт тодорхой болсон байна. Тодруулбал, АМГТХЭГ “Петро чайна дачин тамсаг” ХХК-ийн 19, 21-р талбайн ашиглалт явуулж байгаагаас бусад талбайг хайгуулын тендерт оруулахаар болжээ.

Дорнод аймгийн ИТХ-ынТэргүүлэгчид үүнийг нь хүлээн зөвшөөрч дэмжсэн аж. Газрын тосны тухай хуульд  тухайн аймгийн ИТХ-ын дүгнэлт, зөвшөөрлийг үндэслэн газрын тосны талбайг нээлттэй зарлахаар тусгасан байдаг. Гэтэл “Петро чайна дачин тамсаг” ХХК нь 19-р талбайд 650 км2, 21-р талбайд 210 км2 газар ашигладаг. Энэ компани тал нутгийг хэрхэн там болгон хувиргасныг нутгийнхан төдийгүй улс даяараа мэдэх болсон. Үүнээс сургамж авахын оронд дээрх талбайгаас даруй 20 дахин их хэмжээтэй газрыг талхлах зөвшөөрөл өгсөн нутгийн удирдлагуудыг хэрхэх вэ, Ерөнхий сайд аа.

УИХ-ын нэгдсэн чуулган сайд нарын томилгоог хэлэлцэх үеэр  УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазарт хандаж “Газрын тосны 19, 21-р талбай үр өгөөжгүй, дээр нь иргэдийн амьдрал, байгаль орчинд ихээхэн дарамт болж байна. Гэтэл дахиад нэмж хайгуулын лиценз тараах гэж байгааг дорнодчууд бид зөвшөөрөхгүй” гэж мэдэгдэж байсан.

Газрын тосны тухай хуульд Газрын тосны хайгуул явуулах, дүгнэлт гаргах эрх нь 35 төлөөлөгчөөс бүрдсэн аймгийн ИТХ. Гэтэл ИТХ-ын дарга, Тэргүүлэгчид  нь өөрт олгогдоогүй эрх эдэлж ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас лиценз олгох шийдвэр гаргасан нь ноцтой үйлдэл төдийгүй араасаа хэрүүлийн алим дагуулав. Ийм шийдвэр гаргахад аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нөлөөлсөн үү гэх асуулт гарна. Засаг даргын оролцоогүйгээр /саналгүйгээр/ ИТХ-ын Тэргүүлэгчид дээрх шийдэлд хүрэх үү?

Хэрэвзээ аймгийн Засаг дарга нь мэдээгүй, Засаг даргадаа мэдэгдэлгүй шийдвэр гаргаж тэр их том талбайд газрын тос хайхыг зөвшөөрсөн бол Засаг дарга байр сууриа илэрхийлэх шаардлагатай. Улмаар Засаг дарга “Би дэмжихгүй” байгаа гэсэн байр сууриа албан ёсоор мэдэгдэж, асуудлыг хуулийн дагуу ИТХ-ын Хуралдаанаар шийдүүлэх ажил зохион байгуулах ёстой юм.

Нэгэн баримтаас харахад аймгийн ИТХ-ын дарга нь “Аймгийн Засаг даргын саналыг албан ёсоор авах” хэмээн  Ашигт малтмал, Газрын тосны газрын даргын албан бичиг дээр цохолт хийсэн байна. Тиймээс аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн үүнийг мэдээгүй байх боломжгүй юм. Тийн атал Засаг ноён М.Бадамсүрэн өөрийгөө өмгөөлсөн тайлбар хийж “Би мэдэхгүй, хэрэв тийм хүсэлт ирвэл зөвшөөрөхгүй байх ёстой” гэж цахим хуудсаар олон нийтэд, Дорнодчуудад мэдээлж байна. Улмаар намайг гүтгэлээ хэмээн нэр төрөө сэргээлгэхээр албан ёсоор хуулийн байгууллагад хандана гэсэн хариуг өгч байсан нь саяхан…

Аймгийн Засаг даргын талаар таагүй мэдээлэл олон. Хэзээний Н.Номтойбаярын хүн гэх тодотголтой аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн аймгийн намын хорооны нөхөдтэйгөө муудалцаж, хагалан бутаргасныхаа төлөө намын даргаас ч зэмлэл хүртэж байлаа. Гол нь журмын нөхөдтэйгөө ам мурийх болсон шалтгаан нь Халх голын 500 га-тай холбоотой гэлцэж байв. Зүй нь түүнтэй гар барьсан хүмүүсийн олонх нь дээрх суманд газрын маргаантай холбогдож байжээ. Тиймдээ ч өнөөдрийг хүртэл хэн хэн нь энэ асуудлаар ам нээдэггүй.

Өмнөх парламентад М.Бадамсүрэнг Дорнодын Засаг даргаар оруулж ирэхэд Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуяг М.Бадамсүрэнгээс  дээр хүн алга уу гэж асууж байсан нь ч учиртай.

Чойбалсан хотын төвд, ТМС-ийн шар байрны айлуудын цонхыг хааж, барилга бариулахаар нэг компанид нөхөн олговор нэрээр хууль зөрчиж 800м2 газар олгосон асуудал нь ч сүүлийн үед хөндөгдөж байгаа. Нөхөн олговроор газар олгох хуулийн заалт өөр байдаг. Иргэн болон хуулийн этгээдийн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан тохиолдолд нөхөн олговроор газар олгож болно. Тэгэхдээ Засаг дарга дангаар шийдвэр гаргахгүй. Нөхөн олговор олгох хүсэлтээ ИТХ-д өргөн мэдүүлж, ИТХ нөхөн олговор олгох шийдвэр гаргадаг… Гэвч аймгийн Засаг дарга эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан нь энэ.

Эцэст нь Дорнод нутгийнхан, Халх голчууд нутагтаа аялал жуулчлалыг хөгжүүлж ард иргэдээ ажилтай, орлоготой болгох гэж мэрийж байхад аймгийн дарга нар нь газрын тосны уурхай болгохоор шийдвэр гаргасан нь өдгөө маргаан дагуулж буйг юу гэж үзэх вэ?

Эх нутагтаа нефтийн цооногтой үлдэхгүй гэсэн зарим иргэн эх болсон нутагтаа Аялал жуулчлалын бааз байгуулах мастер төлөвлөгөө боловсруулж иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас санал авах хэлэлцүүлэг хийх гэсэн боловч дээрх асуудлаас болж цуцлагджээ. Учир нь Засаг ноён Канад Улс руу, аймгийн БОАЖГ-ын дарга нь АНУ руу аялж явахдаа утасдаж, дарамт учруулж, хэлэлцүүлгийг нь цуцлуулжээ… Үүнээс болж Аялал жуулчлалын Мастeр төлөвлөгөө боловсруулсан багш, эрдэмтэн судлаачдын төлөвлөсөн ажил нурсан байна. Тухайлбал, тэдгээр хүмүүс хичээл сургууль, ажлаасаа чөлөө авч, бас өчнөөн зардал гаргаж, урилга хөтөлбөрөө хэвлүүлж, Дорнод аймаг руу шуудангаар хүргүүлж, урилга нь хөдөө, хотод байгаа хүмүүст тараагдаж, улмаар гадна дотны олон хүнийг урьсан нь салхинд хийссэн хэрэг.

М.Бадамсүрэн нэг удаа “Би ашиг сонирхлын зөрчилгүй. Дорнод нутгийн 80 мянган иргэнийхээ эрх ашгийг хамгаална” хэмээн хэлсэн нь  бий. Гэтэл аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын шийдвэр нь  засаг даргын саналгүйгээр гарах уу? Энэ нэг асуулт. Хоёр дахь нь үнэхээр ашиг сонирхлын зөрчилгүй юм бол яагаад эрс шийдэмгий няцаалт хийхгүй байна вэ? Энэ бүхний ард авлига авсан юм биш үү гэх хардлага цухалзана. Иймгүйсэн бол дээрх асуудал аль эрт нэг талдаа гарах байсан бус уу?

Эх сурвалж: 

niigmiintoli.mn