Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас 2016 онд бензин түлшний стандартыг шинэчилсэн. Тэгвэл өнөөдөр энэхүү стандарт хэрхэн мөрдөгдөж байгаа талаар Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважаваас тодрууллаа. 

-Бензин түлшний шинэчилсэн стандарт хэр сайн хэрэгжиж байна вэ? 

-2017 оны тавдугаар сарын 15-наас эхлээд евро стандартын шатах тос тосолгооны материал ашиглах тухай стандарт хэрэгжиж эхэлсэн. Энэ стандартыг бүртгүүлэхийн тулд хоёр жилийн турш хөөцөлдсөн. Манайд бензин нийлүүлж байгаа ОХУ болон бусад улсууд энэ стандартыг мөрддөг. Тэгэхээр евро стандартын бензин хилээр орж ирдэг ч хэрэглэгчид хүрч чадаж байна уу гэдэг асуудалтай. Яагаад гэвэл авто бензин, дизелийн түлш үйлдвэрлэх түүхий эд ямар ч татваргүй их хэмжээгээр орж ирдэг болсон. Тэр тоон үзүүлэлт хэрэглэгч надад таатай санагдахгүй байгаа юм. Ийм их түүхий эд хаашаа шингээд байна вэ? гэдэг их сонирхолтой.

-Та хувьдаа юу гэж хардаж байна вэ?

-Шатахуун импортлогчид шударга бизнес хийх хэрэгтэй. Яагаад гэвэл шатах тос тосолгооны материал татваргүй орж ирдэг. 2016 оны статистик дүнг харахад керосин 74800 тонн, хийн конденсатын нэрмэл 9003 тонн, дистиллят 11048 тонн оруулж ирсэн байна. Тодруулбал, нефть боловсруулах үйлдвэр ганцхан “Эрдэнэт” хотод байдаг. “Петролеум продакшн” гэж байгаа. Тэр үйлдвэрийн хүчин чадлыг манайд орж ирж байгаа түүхий эдийн хэмжээтэй харьцуулбал маш бага тоо гарч ирнэ. Тэгэхээр хуурамч шатахуун дотоодод үйлдвэрлэж байна гэж таамаглаж байна. Үүнийг мэргэжлийн хяналт, Стандарт хэмжил зүйн газар тогтоох хэрэгтэй.