Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын лаборатори 23 дугаар сургууль түүхт 60 жилийнхээ ойн босгон дээр төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнагдлаа. Тус сургуулийн үе үеийн багш, удирдлагууд, төгсөгчид, сурагчид, эцэг эх, ажилтан, хамтран ажилладаг байгууллагуудад талархал илэрхийлье.

23 дугаар сургууль нь Орос, Англи, Япон, Солонгос, Хятад гэсэн 5 хэлийг гүнзгийрүүлэн судалж, 3300 гаруй суралцагч, 119 багш, нийт 140 гаруй ажилтан ажиллагсадтайгаар боловсролын үйлчилгээг үзүүлж байна.

23 дугаар сургуулийн багш, сурагчдын сурлага, урлаг, спортын гэх мэт олон төрлүүдээр үзүүлж байгаа амжилт бүхэн нь зөв сэтгэлтэй, шургуу зүтгэлтэй хамт олны нөр их хөдөлмөр, эцэг эхчүүдийн уйгагүй дэмжлэгийн үр дүн юм.

Өндөр хөгжилтэй орны хүүхэд залуусын өгдөг шалгалт бүхнийг 23-ын төгсөгчид төвөггүй давж байна. TOEFL, TOFIK, HSK зэрэг шалгалтуудын өндөр босгыг тэд нэр төртэй өгч дэлхийн алдартай Oксфорд, Кембриж, Харвардад элсэн суралцах болзлыг биелүүлж дэлхийн шилдэг 100 их дээд сургуульд хүссэн мэргэжлээрээ суралцах боломж нээгдсэнийг энд дурдахад таатай байна.

Монголын залуус дэлхийн боловсролыг шилдгийн шилдгээс нь эзэмшиж суралцах ёстой гэсэн өндөр зорилго, итгэл үнэмшлээр үйл ажиллагааны менежмент, сургалтын бодлогынхоо алтан цулбуурыг атгаж яваа 23-ынхандаа баярлалаа.