Хүүхдийг насанд хүрээгүй байхад бэлгийн харьцаанд орж байгаа л бол хүчингийн гэмт хэрэгт тооцно. Гэвч хүчингийн хэрэг үйлдсэн этгээдэд оноож байгаа ял хэтэрхий хөнгөн байгааг дараах хоёр гэмт хэргээр жишээлэн хүргэе.

 

Насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд ороод 1.6 жилийн ялаар шийтгүүлэв

Б.Г нь ….. аймгийн ...... сумын нутагт 2016 оны 11 дүгээр сараас эхлэн хохирогч Ж.Д-г 16 насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогдсон. Хэргийг шүүхээр шийдвэрлэх явцад хохирогч Ж.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2016 оны 11 дүгээр сард манай сургуулийн амралт эхлээд би хөдөө гэртээ ирсэн байсан. Аав, ээж малдаа явсан хойгуур Б.Г намайг дарамталж надтай бэлгийн харилцаанд орсон. Тэрнээс хойш миний бие өвдөөд байхаар нь ээжид хэлж бид хоёр аймаг ороод үзүүлтэл би жирэмсэн болсон байсан. Би ээжид хүүхдээ гаргахгүй авахуулна гэж хэлсэн. 2017 оны 4 дүгээр сард намайг давтлагандаа явах гэж байтал Б.Г хэлэх юм байна уулзъя гээд байсан. Би утсаар хэлчих гэтэл үгүй заавал уулзаж байгаад хэлнэ гээд байхаар нь очиж уулзсан. Тэгээд удахгүй гээд намайг амбаар луу дагуулж орсон. Бид хоёр амбаарт ороод бэлгийн харилцаанд орсон. Тэгээд явах гэтэл Б.Г надтай хамт нэг хоночих гээд байсан. Би дургүйцаад явах гэтэл амбаарын хаалгийг гаднаас хүүхдээр түгжүүлсэн байсан... Би их гомдолтой байна...”

Шүүгдэгч Б.Г нь хохирогч Ж.Д-г арван зургаан насанд хүрээгүй гэдгийг нь мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Б.Г-ийг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн байна.

 

Бага насны хүүхэд хүчиндэхийг завдаад таван жилийн ял авлаа

Ч.Лутбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 15 цагийн үед Говьсүмбэр аймагт  модон амбаар дотор бага насны 5 настай охиныг  биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдэхийг завдсан.

“...2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ...гаднаас 2 хүн ирээд манай өвөө Төгсөөтэй 2 шил архи уусан. Тэгээд өвөө унтчихсан. Би хүүхэлдэйн кино үзэж байсан. Нэг согтуу хүн миний гарнаас бариад намайг амбаар луу чирээд явсан. Тэгээд амбаарт оруулаад ... Би уйлсан /энд хумсны мөр нь гарсан байгаа гээд цамцаа доош нь болгож хүзүүгээ харуулав/. Тэр агаа намайг дуугүй бай гээд загнасан. ...Тэр агаа миний өмдийг хүртэл тайлсан. /өөрөө өвдгөө зааж байв/ Тэгээд би өмдөө буцаагаад татах гэсэн чинь өмдөө тайл гээд байсан. Би тэгээд айгаад уйлсан. Амбаарт жоохон нүх харагдаад байсан. Тэрүүгээр би ээжийг харсан. Ээж наашаа ирээд байсан. Тэгээд ээж гаднаас амбаарын хаалга нээсэн. ...Тэр агаа миний бүх газар алгадаад байсан. /гараараа хөл, гар, толгойгоо заасан/...

Шүүхээс Ч.Л-г хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцож 2015 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Л-г 5 / тав / жилийн хорих ялаар шийтгэсэн байгаа юм.

Гэмт этгээдүүд харьцангуй хөнгөн ял авсан. Гэтэл хохирогч охидын хувьд хэзээ ч мартахааргүй хар толботой болж байгаа... Тэр хар толбыг хөнгөн ял эдэлсэн нөхдүүд гарч ирээд томруулах вий гэсэн эмзэглэл эцэг эхэд нь үүсч байгаа..

Энэ бүхнээс үзэхэд эрүүгийн хуулийн хүчирхийлэлтэй холбоотой заалтын ялыг чангатгах шаардлага гарч байна. Гэвч шинэ эрүүгийн хуулиархүчингийн хэргийн ял хөнгөрсөн байгаа юм. Тодруулбал,

Хамгийн бага насны, өөрөөр хэлбэл арван дөрвөн насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн бол хуучин эрүүгийн хуулиар арван таваас дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсвэл цаазаар авах ял шийтгэдэг байв. Харин шинэ эрүүгийн хуулиар яг энэ заалтыг задалж, арван зургаан насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон; гэр бүлийн хамаарал бүхий арван зургаан насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар, бага насны хүүхдийг хүчиндсэн бол, энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэн гэж заажээ. Өөрөөр хэлбэл хүчин үйлдсэн этгээдийн ял хөнгөрсөн. Хангалттай хөнгөрч байгаа.

Бас нэг ноцтой харьцуулалтыг хүргэе. Хэрвээ бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан бол өмнөх эрүүгийн хуулиар хүндрүүлэх нөхцөлгүй бол 2-5 жилээр, хүндрүүлэх нөхцөлтэй бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг байв. Гэтэл шинэ эрүүгийн хуулиар зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр болж байгаа юм.

Шинэ эрүүгийн хуулинд хүүхдийг буюу 14-18 насны хүүхдийг бэлгийн мөлжлөгт оруулсан бол гэсэн заалт бий. Энэ бол хүчингийн хэрэг мөнөөсөө мөн. Гэтэл 2-8 жилээр ял оноохоор болж байгаа юм. Шинэ эрүүгийн хуулинд насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орвол нэг бол 450 000- 5 400 000 төгрөгөөр торгоно эсвэл 6 сараар нэг жилээр зорчих эрхийг хязгаарлах, эсвэл мөн хугацаагаар хорино гэж заасан. Энэ бол хүчинийн хэрэг мөн. Гэтэл ийнхүү салгаж байгаа нь гэмт этгээдэд ял завших шалтгаан нөхцөлийг бүрдүүлж байна.

Энэ бүхний цаана гаж донтон ял завших боломжтой болж байна. Харин охид эмэгтэйчүүд, хүхдүүд хохирч бие, эрүүл мэнд, сэтгэд санаагаараа хохироод үлдэж байна. Тэдний эрх, эрх чөлөө хөндөгдсөөр байна.  Тиймээс хүчингийн хэргийн хуулийн хариуцлагыг хүндрүүлж өгөх зайлшгүй шаардлага байгааг хууль санаачлах эрх бүхий УИХ-ын гишүүд, Засгийн газар, Ерөнхийлөгч та эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, олон хүний эрх ашгийг хамгаалж, гаж донтнуудад тооцох хариуцлагыг чангатгаж охидын эрхийг хамгаалж өгнө үү.